Бид яагаад “Facebook”-ийг орхиж чаддаггүй вэ

2018-01-26 Ертөнц

“Facebook” хуудсаа бүрмөсөн хааж орхих тухай бодож байсан уу. Тийм ээ, тэгж бодсон хүн нь ганц та биш. Facebook-ийн тэрбум гаруй хэрэглэгчид дунд энэ сүлжээг орхих тухай боддог хүмүүс лав хэдэн саяар тоологдоно. Гэвч яагаад тэд Facebook-ийг хааж орхихгүй,  хэрэглэгчдийн тоо ч буурахгүй байгаа юм бол.

Хүмүүс чухам яагаад Facebook-т хоргодоод байдгийн учрыг олохоор  Корнеллын их сургуулиас  тус сүлжээг орхих бодолтой ч орхиж чадахгүй байгаа 5000 хүнийг судалгаанд хамруулсан байна. Судалгаанд оролцсон хүмүүсийг 99 хоногийн турш Facebook-ээ хааж, 33 хоног тутамд өөрт нь ямар өөрчлөлт мэдрэгдэж байгааг тэмдэглэхийг хүсчээ.  Эндээс судлаачид дөрвөн зүйлийг олж мэдсэн байна. Өөрөөр хэлбэл, “Одоо хангалттай” гээд  Facebook-ийг орхисон хүмүүст эргэн ирэх дөрвөн шалтгаан байдаг аж.

Нэгдүгээрт, донтолт. Өдгөө Facebook-т нэвтрэх нь амьдралын байнгын хэрэглээ, ердийн дадал зуршлын нэг болсон учраас хүмүүс түүнд автсан, донтсон байдлаасаа гарахад хэцүү байдаг аж. Нэгэн оролцогч хэлэхдээ “Эхний 10 өдөр  интернэт хөтчөө нээх бүртээ гар автоматаар “F” товч руу яваад байсан” хэмээн өгүүлжээ. 

Хоёрдугаарт, бусдыг тандаж мэдэх. Facebook-ийг хэсэг завсарласны дараа эргэн ирэхдээ хүмүүс өөрт нь хэрхэн хандаж байгааг мэдэхийг хүсдэг гэнэ.

Харин гуравдугаарт тухайн хүний сэтгэл санаанаас болдог байна. Сэтгэл өөдрөг сайхан байгаа үедээ Facebook-ийн сүлжээг эргэн санагалзаж, холбогдохыг хүсэх нь түгээмэл байдаг гэнэ. 

Эцэст нь, хэрэв та бусад сошиал сүлжээнд идэвхтэй биш байдаг бол эргээд Facebook-тээ ирэх шалтгаан болно. Жишээлбэл, Твиттер зэрэг сүлжээг идэвхтэй ашигладаг хүмүүс Facebook-т эргэн ирэх нь бага байдаг гэнэ.

Дээрх үндсэн дөрвөн шалтгаанаас гадна өдөр ирэх тусам хөгжсөөр байгаа Facebook сүлжээг ажил хэрэгтээ ашиглах, судалгаа хийх, хүмүүсийн хандлагыг ажиглах нь энэ сүлжээнд уягдахад хүргэдгийг ч ажил хэрэгч хүмүүс өгүүлжээ.

Өнөөдөр Facebook сүлжээг сар тутам идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1,49 тэрбумд хүрээд байгаа нь өнгөрсөн жилийнхээс 13 хувь өссөн үзүүлэлт юм.  Үүнээс гар утсаараа Facebook хэрэглэгчдийн тоо ч 1,3 тэрбум хүрчээ.

Таван секунд тутамд таван аккаунт нээгддэг Facebook-т хүмүүс нэг удаа орохдоо дунджаар 20 минут зарцуулдаг бөгөөд  долоо хоногийн өдрийн 1-3 цагийн үед хамгийн өндөр ачаалалтай байдаг аж. Тэр дундаа пүрэв, баасан гарагт хэрэглэгчдийн идэвх бусад өдрөөс 18 хувиар өндөр байдаг гэнэ.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.