Прокурорын байгууллага 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 34134 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Тодруулбал, 1604 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 544 хэрэг шинээр нээж, 1670 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг дурдвал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 627, Өмчлөх эрхийн эсрэг 523, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 241, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 77, Хүний амьд явах эрхийн эсрэг 55, Хүрээлэн байгаа орчны эсрэг 39, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 30 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Мөн Авлигын гэмт хэрэг 25, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 17, Эдийн засгийн гэмт хэрэг 11, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг ес, Хүүхдийн эсрэг болон Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр тав, Соёлын өвийн эсрэг гурав, Эрүүл мэндийн эсрэг хоёр, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг нэг байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал, иргэн Э нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг 468.3 грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Өчигдөр
2026-01-2
2026-01-2
2026-01-2
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.