А.Ганганчимэг: Чөлөөлөх дайнд оролцсон 23 мянган монголчуудын 150 нь эмэгтэй байсан

2025-09-4 Нийгэм

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярт

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярыг 2025 оны есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол Улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Монгол цэргийн музей “Дэлхийн II дайны оршил, өрнөл, төгсгөл эх оронч монголчуудын ялалт” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэжээ. Үзэсгэлэн ирэх сарын 3-н хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн талаар тус музейн Музей судлал, эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн албаны дарга А.Ганганчимэгтэй уулзаж тодрууллаа.

Чөлөөлөх дайны ялалтын ойн 80 жилд зориулан гаргасан үзэсгэлэн энэ удаад юугаараа онцлог байна вэ?

 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив хамтран дэглэн толиулуулж байна. Уг үзэсгэлэнд “1939 оны Халхын голын байлдаан”, “Аугаа их Эх орны дайнд Монголчуудын оролцоо”, “1945 оны Чөлөөлөх дайнд МАХЦ оролцсон нь”, “Чөлөөлөх дайныг мөнхжүүлсэн нь” хэмээх агуулгын хүрээнд музейн сан хөмрөгийн 80 гаруй биет үзмэр, архивын 250 орчим баримт ба гэрэл зураг, баримтат дүрсийг байршуулж,  судалгаа, сурталчилгааны эргэлтэд оруулж байна.

Энэ дайнд Монголчууд оролцсоноороо бидний хувьд хамгийн эрхэм, үнэт зүйл болох тусгаар тогтнолтой хамгаас илүү холбогдож байсныг мартах учиргүй юм.

Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд Чөлөөлөх дайны ахмад дайчдын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг өнөөгийн болон хойч үеийнхэнд маань мөнхөд дурсагдах учиртай. Тиймээс тус үзэсгэлэнд дэглэгдсэн үзмэр бүхэн маань маш үнэ цэнтэй.

Чөлөөлөх дайнд Монгол ардын Хувьсгалт цэргээс морьт 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, мотомеханикжуулсан 7 дугаар хуягт бригад, нисэх дивиз, их буу, холбооны хороо, хилийн цэргийн хөдөлгөөнт 9 отряд, мөн Дотоод явдлын яамны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг оролцсон бол Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд зэрэг нийлсэн 22 мянган монголчууд энэ дайнд зөвлөлтийн цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдсан.

Монгол Улс дэлхийн II дайны төгсгөлийн шатанд Японы эсрэг дайнд 1945 оны 5 сард оролцохоор нэгэнт тохиролцсон тухайн үед БНМАУ нь 800-аад мянган хүн амтай, 20 орчим сая толгой малтай, нүүдлийн мал аж ахуйд тулгуурласан эдийн засагтай орон байсан хэдий ч улс орныхоо батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх талаар маш их анхаарсны дүнд Монголын морьт цэрэг дайнд үүрэг гүйцэтгэх бэлэн чадвартай болсон байлаа.

Харийн нутагт хийх цэрэг дайны ажиллагаанд оролцох МАХЦ-ийн бэлтгэл нь маш олон ажиллагааг урьтал болгож явуулсан, Тухайлбал, цэргийг шилжүүлэн байрлуулах, ар тал хангалтыг хийх, цэрэг дайчдын байлдааны ба улс төрийн бэлтгэлийг хангах, цэрэг эрсийн сэтгэлзүйг бэлтгэх зэрэг гээд багц арга хэмжээнээс бүрдэж байв. Хүч хуралдуулах газарт цэргийг саадгүй хүргэхийн тулд 22400 орчим морьд, 6000 тэмээ бэлтгэх нөр их ажлыг хийсэн. Морьдын 18400 орчмыг зүүн болон өмнө зүгийн аймгуудаас бэлтгэж байв.

Энэ үед цэргийн хоол хүнс, зэвсэг, тэр дундаа морьт дивиз, хороодын сэлэмт суман бүрийн галын хүчийг зузаатгаж, морьдын эмээл, хазаарыг бэлтгэх, бүх морьдыг тахлуулах гээд тоймгүй их ажил байсныг Ж.Лхагвасүрэн жанжингийн дурсамжид тэмдэглэсэн байдаг. Ингээд тухайн оныхоо тав, зургадугаар сард бэлтгэл ажлыг дуусгахтай зэрэгцэн Маршал Чойбалсангийн нэрэмжит шалгалт арваад хоног үргэлжилж, хоёр сарын хугацаанд Монгол цэргүүд дайнд оролцох сэтгэл зүй, зэвсэг хангамж бэлэн болсон.

Ингээд Замын-Үүд, Байшинтын районд хүч хуралдуулах марш эхэлж, Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон, Хонгор сумын районд Тамсагийн 6, Баянтүмэний 5, Матадын 5, Байшинтын 7 дугаар морьт дивизүүд, холбооны тусгай хороо зэрэг ангиуд 350-400 км газар марш үйлдэн 7 дугаар сарын 19-20-нд очсон бол, Замын-Үүдийн хүч хуралдуулах районд  хурандаа Д.Нянтайсүрэн даргатай 7-р мотохуягт бригад, их бууны тусгай хороо болон бусад анги, салбарын хүчийг хуралдуулжээ

ЗХУ 1945 оны наймдугаар сарын 9-нд Японд дайн зарласнаар “Манжуурын стратегийн давших операци” эхлэв.

БНМАУ-ын Бага Хурал, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан онц хурал 1945 оны 8 дугаар сарын 10-нд болж БНМАУ Японы эсрэг дайн зарлах тунхаглал гаргасан.

Дарьганга, Байшинтын районоос Долнуур, Жэхэгийн чиглэлд 950 гаруй км, Сайншандаас Чуулалт хаалганы чиглэлд 500 гаруй км хол замд давшсан.

Морьт-механикжуулсан бүлгийн анги нэгтгэлүүд наймдугаар сарын 16-нд Долнуур хотыг, 18-нд Жэхэ хотыг эзэлж, 21-нд Губэйкоу хотыг эзлэн авч Японы 1300 орчим цэрэг, дарга болон үлэмж хэмжээний буу зэвсгийг олзолсон байна.

Ийнхүү Долоннуур-Жэхэгийн чиглэлд давшсан Монгол-Зөвлөлтийн анги, нэгтгэлүүд байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд давшиж, дайсны хүчтэй эсэргүүцлийг амжилттай няцаасаар 1000 гаруй км хол газрыг есөөс арав хоногийн дотор туулж, байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн түүхтэй.

Монгол-Зөвлөлтийн дайчид зуны  аагим халуун, их элсэн цөл, үргэлжилсэн их бороотой өдрүүдэд өндөр уул даваа, өргөн гол мөрнийг гатлан давшиж, маш их тэсвэр тэвчээрийн үлгэр жишээг үзүүлсэн юм.

Тухайлбал, Хятадын цагаан хэрмийн нэгэн гарам хаалга болох Губэйкоу хот орчим дахь мөрнийг шөнө гатлахад хэдэн хүмүүс усанд урсаж эхэлмэгц түр зогсолт хийж гарамыг засах арга хэмжээ авч, дивизийн гол хүчийг гаталгаж байв гэж жанжин Ж.Лхагвасүрэн дутдатгалдаа бичсэн байдаг.

Энэ бүхэн нь өөрөө манай монгол цэргүүдийн хүч чадал, морьт цэргүүдийн эцэж цуцашгүй байдлыг бүрэн илэрхийлж байсан. Нөгөө талаар чөлөөлөх дайнд мордсон цэргүүдийн сэтгэл зүйд Монгол Улс энэ дайнд оролцож ялалтад хувь нэмрээ оруулснаар Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулж,  дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх юм шүү гэдгийг маш сайн суулгаж өгсөн явдал.

Энэхүү баатарлаг түүхийн бүхий л үйл явцыг илтгэсэн үзмэр, түүхэн баримтууд манай үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа.

Жишээлбэл, дайнд оролцсон морьт дивиз, хуягт бригад, нисэх, их буу, холбооны хороодын байлдааны туг, Залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн 1944 оны мундер, одон медаль, хурандаа генерал С.Равдангийн папах малгай, Флоренц Найтингелийн шагнал хүртсэн анхны монгол эмэгтэй, цэргийн сувилагч Д.Норовдаваагийн сувилагчийн үнэмлэх, дайны талбарт хэрэглэж байсан хүн нэг бүрийн буудлагын зэвсгүүд, цэрэг, дарга нарын дүрэмт хувцас, Японы цэргийн холбооны станц, усны сав, сумны хайрцаг зэрэг биет үзмэрүүдээс гадна Үндэсний төв архивын сан хөмрөгөөс “Японд дайн зарласан” тухай тунхаг бичиг, “Нүүлгэн шилжүүлэх госпиталь байгуулах тухай” тогтоол, Чөлөөлөх дайны үеийн түүхэн баримтат дүрс бичлэгүүд, 8 дугаар морьт дивизийн маршийн зургийг анх удаа үзэгчдийн хүртээл болгож байгаа бөгөөд Чуулалт хаалга буюу Жанчхүүгийн давааны тулалдааныг үзүүлсэн макет, дайны үеийн цэргийн госпиталь, Цэргийн дуу танцны ансамблийн дайны талбар дахь тоглолтын үзүүлбэрийн макет, “Улаан од” сонины хээрийн редакц, дайны талбараас төрсөн баатрууд, ахмад дайчдын гэрэл зураг, намтар түүх, дүрс бичлэгийг электрон самбар, дэлгэцээс сонгон үзэх боломжтой ажээ.

Мөн энэ ойд  зориулан 1945 оны Чөлөөлөх дайны түүх гэсэн аппликейшныг бүтээж үзэгчид Чөлөөлөх дайны тухай дэлгэрэнгүй, цэгцтэй системтэй  мэдээлэл олж авах боломжийг  олгосноороо бас нэг онцлог юм.

Дайнд мордсон цэрэг эрсийн алдар гавьяаг магтаад дуусахгүй л дээ. Тэр утгаараа нөхөж шагнах, алдаршуулах ажлыг салбарын яамнаас хийж байгаа болов уу? Тухайлбал, шинээр баатар цолтон төрөх үү?

Жанчхүүгийн давааны тулаанд оролцсон хурандаа Д.Нянтайсүрэнгээр командлуулсан хуягт бригадын нэгдүгээр баталионы дарга, хошууч Сосор гэж хүний удирдсан цэргүүдэд Аюуш, Данзанваанчиг, Дампил, Дүүдэй  нар багтаж, уг тулаанд ялалт байгуулж, чөлөөлж байсан. Хошууч Сосор гэж энэ хүн тухайн баталионыг ахалж, галын шугамын тэргүүн эгнээнд оролцсон. Тиймээс 80 жилийн дараа Монголын арми энэ хүний алдар гавьяа, түүхэн үүргийг танилцуулж, баатар цолонд тодорхойлсон. Нийтдээ Сосор тэргүүтэй гурван хүнийг баатар цолонд тодорхойлсон.

            Ингээд төр засгийн шийдвэрээр шинээр нэгэн баатар төрлөө.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээснээр Чөлөөлөх дайнаас төрсөн баатар нэгээр нэмэгдлээ.

Чөлөөлөх дайны талаарх сүүлийн үеийн судалгааны шинэ содон мэдээллийг бидэнтэй хуваалцаач? Энэ удаагийн үзэсгэлэнд эмэгтэйчүүдээ онцолсон нь анхаарал татлаа.

Бидний олж авсан мэдээллээр чөлөөлөх дайнд 150 гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг. Эдгээр эмэгтэйчүүдээс хоёр дайнд оролцсон сувилагч Норовдаваа гуай байна. Энэ хүн бол хээрийн цэргийн госпиталд гардан ажиллаж, шархадсан цэргүүдийг зөөх, эмчлэх бүхий л ажлыг хийж байсан. Мөн Отгон гэж эмэгтэй сувилагч хийхийн зэрэгцээ жолооч хийж байсан. Нөгөө л хуягт техникийг жолоодож явсан. Энэ мэтээр эмэгтэйчүүд сувилагч, жолооч, шуудан зөөгч, тогооч, цэрэг эрсийн сэтгэл зүйг өргөх, дэмжих гээд маш олон чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд эмэгтэйчүүдийн дайнд гүйцэтгэсэн үүргийг тодруулж бид тусад нь байршуулсан. Үзэсгэлэнгийн энэ хэсэгт эдгээр түүхэн эмэгтэйчүүдийн байлдаанд оролцогчийн үнэмлэх, холбогдох баримт бичиг, гэрэл зургийг онцгойлон гаргалаа. Ахмад дайчдын маань ар гэр, үр хүүхдүүд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа.

Нэмж хэлэхэд, Цэргийн ансамбль буюу Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга маань дайны талбарт очиж урлагаар үйлчилсэн цорын ганц байгууллага. 1945 оны 9 дүгээр сарын 2-нд 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр Долнуур хотод очсон. Тэндээ чөлөөлөгдсөн Өвөр монголын ард иргэдэд тоглолт хийж байх үед тушаал ирж, Өвөр монголын хошуудаар тоглолт хийхээр болсон. Ингээд нийтдээ 22 удаагийн тоглолтыг дайны дараах цаг үед хийж байлаа. Тэдгээр 60 хүний 15 нь эмэгтэй, тудний дунд МУГЖ болсон Цэрэндулам, Цэрмаа тэргүүтэй дуучин, бүжигчин эмэгтэй байсан. Тэднийхээ өмсөж байсан хувцас, хөгжмийн зэмсэг болон тухайн үеийн тоглолтын бичлэг зэргийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан.

Одоо чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудаас хэд нь байдаг вэ?

Хорь гаруйхан насандаа мөр зэрэгцэн тулалдаж явсан 22 мянга гаруй дайчдаас өдгөө 16 ахмад дайчин эсэн мэнд аж төрж байна. Тэдний хамгийн залуу нь 99 настай бол хамгийн ахмад нь 106 настай энх тунх амьдарч буй юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.