Халуун машинд хүүхэд нас барахаас хамгаалсан төхөөрөмж зохион бүтээжээ

2017-06-23 Ертөнц

 

Бишоп Карри хэмээх 10 настай энэ хүү хөршийнх нь зургаан сартай бяцхан хүүхэд халуун машинд бүтэж нас барсныг сонсоод ийм харамсалтай явдлаас сэргийлэх төхөөрөмж зохион бүтээжээ. Ирэх намар зургадугаар ангид орох түүний зохион бүтээсэн бяцхан төхөөрөмж нь автомашин доторх агаарын хэм нэмэгдэх үед өөрөөсөө сэрүүн агаар ялгаруулахаас гадна энэ тухай антеннаар дамжуулан эцэг эхэд нь мэдэгддэг аж. Одоогоор Карригийн зохион бүтээсэн төхөөрөмж өөрийнх нь хийсэн  3D загвар төдий байгаа ч ирэх намар зохиогчийн эрхээ баталгаажуулж авсны дараа үйлдвэрлэх боломж нээгдэх юм байна. Үүний тулд түүнд 20 мянган доллар хэрэгтэй болсныг эцэг эх нь “GoFundMe” сайтаар дамжуулан хандив босгож бүрдүүлж чаджээ.

CNN-ийн мэдээлснээр машинд хүүхдээ орхиж явснаас бүтэж амиа алдсан харамсалтай явдлын тоо сүүлийн нэг жилийн дотор гурав дахин өссөн байна. 2015 онд 24 тохиолдол гарсан бол 1998 оноос хойш нийтдээ 712 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүйгээс автомашины халуунд амиа алджээ. Тэдний ихэнх нь хоёроос доош насныхан байжээ.

Мөн бага насны хүүхдэд өөрийгөө сэрүүцүүлэх чадвар нь бүрэн хөгжөөгүй байдгаас насанд хүрэгчдээс 3-5 дахин хурдан халууцдаг байна. Дулаан өдрүүдэд автомашин хөдөлгөөнгүй 30 минут зогсоход л доторх агаарын хэм нь 35 хэмд хүртлээ халдаг аж. Ийм орчинд хүүхдийг хэр зузаан хувцастай орхисон, хамгийн сүүлд хэзээ шингэн уулгасан зэргээс хамаарч бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул учирдаг бөгөөд гадаах орчны температур 23 хэмийн дулаан байсан ч машин дотор байсан хүүхэд 15 минутын дотор нас барах эрсдэлтэй байдаг аж.  Энэ тохиолдолд машины цонхыг онгорхой орхих нь ч баталгаатай хамгаалалт болдоггүй байна. Учир нь 10-15 хэмийн дулаанд ч зузаан хувцастай хүүхэд амиа алдах эрсдэлтэй байдгийг судалгаа харуулжээ.

АНУ-ын замын хөдөлгөөний дүрэм ёсоор хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах зорилгоор машины ар талын суудалд суулгадаг болсноос хойш ийм тохиолдлын тоо 10 дахин нэмэгдсэн байна. Учир нь эцэг эхчүүд арын суудалд хүүхдээ суулгаснаа мартаад буух явдал их байдаг аж.

Б.Номун

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.