Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр тухайн гэр бүлээс амьд үлдсэн ганц хүн буюу цэргийн алба хааж байсан хүү нь нийтэд мэдээлэл өгсөн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас хэргийн талаар дараах тайлбарыг хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “2024 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд зургаан хүн угаартсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн газар үзлэг, шалгалт хийсэн. Хэргийн газар үзлэг хийх явцдаа угаартсан байж болзошгүй орчин нөхцөлийг шалгаж, үнснээс дээж авсан. Амь хохирогчийн хамаарал бүхий иргэн О-г мөрдөн шалгах ажиллагааны хохирогчоор оролцуулсан. Өнөөдөр мэдээлэл өгсөн иргэн О цэргийн алба хааж байсан учир цагдаагийн байгууллагаас дуудаж мэдээлэл авсан зүйл байхгүй. Шинжилгээний дүгнэлт албан ёсны дүгнэлтээр тогтоогдоно. Урьдчилсан байдлаар, зургаан амь хохирогч угаартсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Аливаа гэмт хэрэг, зөрчил тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны нууц хэргийн шийдвэр гаргалтад хамгийн чухал нөлөөтэй байдаг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хуульчлагдсан зүйл. Үүний хүрээнд хохирогчид мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбарлаж, ойлгуулсан. Тиймээс мэдээллээ задруулах нь гэмт хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанд саад болох эрсдэлтэй болохыг л сануулсан. Түүнээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгч болно, болохгүй гэх агуулга огт яриагүй. Хохирогч О-г мэдээлэл хийсэн гээд ямар нэг шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй” гэв.
87525
31009
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.