Хятадын их сургуулиудын нэр хүнд тасралтгүй өссөөр байна

2017-06-20 Ертөнц

Дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын жагсаалтыг Британийн “Times Higher Education”–ээс шинэчлэн гаргажээ. Энэ удаагийн жагсаалтыг Харвардын их сургууль тэргүүлж, Массачусеттсын технологийн институт, Стэнфордын их сургууль удаалж, эхний гурван байрыг эзэлсэн нь өнгөрсөн жилийн амжилтаа давтсан үзүүлэлт болжээ. 1636 онд байгуулагдсан АНУ-ын хамгийн анхны их сургуулийн хувьд Харвард өнгөрсөн хугацаанд Нобелийн 47 шагналтан, 32 төр улсын тэргүүн, Пулитцерийн 48 шагналтан, АНУ-ын найман Ерөнхийлөгчийг төрүүлсэн учраас аргагүй дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуульд тооцогдож байна.

Энэ жилийн жагсаалтад гарсан өөрчлөлтийг ажиглавал Азийн их сургуулиудын нэр хүнд хурдацтай өсөн нэмэгдэж байна. Жишээлбэл, Хятадын Цинхуа их сургууль, Бээжингийн их сургуульд хоёул Корнелл болон Пенсильванийн их сургуулийг ардаа орхисон бол Токиогийн их сургууль Колумбиагийн их сургуулиас өндрөөр үнэлэгдэж байна. Цинхуа их сургууль 2011 оноос хойш 21 байраар урагшилж, одоо дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын жагсаалтад 14 дүгээрт бичигдэж байгаа бол Бээжингийн их сургууль 17 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Жагсаалтын эхний 100-д АНУ-ын их сургуулиуд ихэнх хувийг эзэлж байгаа ч тэдний цөөнгүй хувь нь арагш ухарч, эсвэл байрандаа зогссон хэвээр байгаа бол Азийн сургуулиуд тасралтгүй дээш өгсч байгаа аж.

“Times Higher Education” байгууллага энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд дэлхийн 137 орны 10566 оролцогчоос авсан санал асуулгын дагуу энэ жагсаалтаа гаргажээ. Гэхдээ хамгийн нэр хүндтэй их сургууль гэдэг нь хамгийн чанартай гэсэн үг хараахан биш юм. Жишээлбэл, дэлхийн хамгийн шилдэг их сургуулийн жагсаалтад Харвард зургадугаарт бичигддэг. Их сургуулиудын чанарыг сургалт, судалгаа, мэдлэг дамжуулах аргачлал, олон улсын нэр хүнд гээд олон хүчин зүйлээр дүгнэдэг билээ.

Б.Номун

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.