Б.Чойном: Хаван өвчинг эрт үед нь эмчлүүлэх шаардлагатай

2018-01-26 Уламжлалт анагаах ухаан

Хаван өвчний талаар Манба Дацан эмнэлгийн их эмч Б.Чойномтой ярилцлаа.

-Хаван өвчин юунаас шалтгаалж үүсдэг вэ?

-Дүр эс хувирсан буюу хэвийн хэмжээндээ байгаа хий, шар, бадганы тэнцвэр алдагдсанаар өвчин үүсдэг. Тэнцвэр алдагдуулах дөрвөн хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, идээ унд буюу хүний юу идэж ууж байгаагаас шалтгаалж өвчин үүснэ. Хоёрдугаарт, явдал мөр буюу хувцаслалт, эрсдэлтэй газраар явах, модонд авирах зэрэг эрсдэлтэй үйл хийх, ажлын нөх-цөл байдал, амьдралын хэв маяг орно. Хаван өвчин нь хүйтэн өвчин учраас хүйтэн сэрүүнийг хэтрүүлэх нь өвчлөх гол шалтгаан болно. Гуравдугаарт, улирал буюу гадна орондоо зохицоогүй үйл хийх. Тухайлбал, өвөл дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, үйлийн үр юм. Бүх өвчин үйлийн үртэй холбоотой. Өмнө насны үйлийн үрээр элдэв хорт хавдар, эдгэрэлт удаан хүнд өвчнүүд үүснэ. Энэ насны үйлийн үрээс ихэвчлэн бэртэл гэмтэл, эгэл өвчнүүд үүсдэг. Хаван нь хүйтэн өвчин тул хүйтэн, сэрүүн мөн чанартай, амтлаг, тослог давамгайлсан хоол унд их идсэнээс болж үүснэ. Тухайлбал, жимс, жимсгэнэ, түүхий сүү, хүйтэн ус, жимсний нухаш, бас тостой хоол унд байнга идэх нь эс шингэх өвчинг үүсгэх гол нөхцөл болно. Явдал мөрийн тухайд голын эрэг дээр удаан суух, их даарч хөрөх, жиндэх тохиолдолд хавантдаг. Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд тохиолддог. Зун бол хурын улирал учраас хүйтэн, жиндүү байдаг. Тиймээс өвөл, зуны улиралд хаван өвчнөөс сэргийлж хаван өвчнийг үүсгэх идээ унд, явдал мөрийг үйлдэхгүй байх нь чухал. Мөн бусад эрхтэний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүснэ.

Зун бол хурын улирал учраас хүйтэн, жиндүү байдаг. Тиймээс зуны улиралд хаван өвчнөөс сэргийлж хаван өвчнийг үүсгэх идээ унд, явдал мөрийг үйлдэхгүй байх нь чухал.

-Ямар өвчинтэй холбоотойгоор хаван үүсэх вэ?

-Хаван өвчин нь эс шингэх өвчнөөс гаралтай. Энэ нь хүйтэн өвчин. Хүний идсэн хоол амаар ороод шүдээр бутлагдаад, шүлсээр дэвтээгдээд, хоолойгоор дамжин ходоодонд орж ходоодны галын илчтэй учирч, тунгалаг цөвийн боловсролт явагдсанаар хүний биед хэрэгтэй, хэрэггүйг нь ялгадаг. Энэхүү галын илчийн үйл ажиллагаа муудсанаас эс шингэх өвчин үүсдэг. Галын илчийг галтай зүйрлэх хэрэгтэй. Тэгэхээр бадган буюу хүйтэн сэрүүн мөн чанартай, тосорхог идээ унд байнга хэрэглэх нь гал дээр ус, тос хийж байгаатай адил зүйл болно. Ингэснээр хоол шингэхээ больж, эс шингэх өвчин үүсч байгаа юм. Эс шингэх өвчин ходоодонд, цусанд, маханд, ясанд, хаана ч үүсч болдог. Тиймээс бөөрөнд эс шингэх өвчин үүссэнээр хавагнана. Хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай манай оронд бөөрний гаралтай хавангууд голчлон тохиолддог.

-Хаван өвчний шинж тэмдэгийг хэлж өгөөч. Хүмүүс хавагнахыг тоохгүй яваад байдаг шүү дээ. Энэ нь ямар эрсдэлд хүргэх вэ?

-Хаван өвчний суурь нь эс шингэх өвчин юм. Эс шингэх өвчний үед тоолгүй явсаар хүндрүүлвэл цайвар хаван, усан хаван гээд өвчний үе шат хүндрээд явдаг. Эхэн үед шилбэ, гар, зовхиор хавагнадаг бол цаашлаад хүндэрсэн үед хэвлий, нуруугаар хавагнаж, жин нэмж, шээсний гарц багасдаг. Зүрхний өвчинтэй хавсарсан бол амьсгаа давхцах, ядрах, дээшээ харж хэвтэж чадахгүй болж, шилбэ, нүүрээр хавагнана. Жишээ нь, зүрх нь хийн гол орон учраас хий босох цагаар буюу үүрээр, үдэш орой илүү хавагнана. Хүмүүс ихэнхдээ хаванг тусдаа өвчин гэж ойлгодоггүй. Тиймээс бусад өвчинтэйгээ хавсарч нэлээд хүндэрсэн үедээ ирдэг. Өвчний шинж тэмдэг мэтээр л ойлгоод яваад байдаг. Гэтэл хаван өвчин хүндэрвэл хэвийн хийдэг байсан ажлаа хийж чадахгүй болж, цаашилбал үхэх ч аюултай.

-Хаван өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ?

-Хаван өвчинг идээ унд, явдал мөр, эм, засал эмчилгээ, гүрэм заслаар эмчилнэ. Хамгийн гол нь хаван өвчнийг үүсгэх идээ унд-наас татгалзах хэрэгтэй. Хүйтэн, сэрүүн чанарын хоол унд, ямаа, загас, гахайн махыг идэхгүй байх. Эдгээр мах нь шингэхдээ удаан байдаг. Тиймээс бүлээн чанартай, галын илчийг тэтгэж өгөх хонины мах, адууны махыг идэж, ширгээсэн ус, зөгийн балтай ус уувал сайн. Эмчилгээний хувьд бариа засал, төөнүүр гэх мэт илч үүсгэх бүлээн эмчилгээг хийнэ. Хүний биед хийн гүйдлүүд байх бөгөөд тэдгээр хийн гүйдлийн дагуу цэгэн бариа хийж, суллаж өгөх хэрэгтэй. Хүйтэн өвчинд халуун чанартай эмчилгээ хийдэг. Тиймээс халуун чанартай төөнүүр эмчилгээг хийж, илчийг тэтгэх, тамирыг тэтгэх, хаван буулгах, шээс хөөх гэсэн зарчмын дагуу эмчилгээгээ хийдэг.

-Хаван өвчинтэй хавсарсан өвчлөлүүдийг дарах эмчилгээг бас давхар хийх үү. Ер нь хаван өвчний үед хийх уламжлалт эмчилгээ хэр үр дүнтэй байгаа талаар эмнэлгийнхээ өвчтөнүүдийн жишээн дээр ярихгүй юу?

-Хаван хөөх эм тан бий. Хавангийн эмнүүдээс гадна бөөр, зүрхнээс шалтгаалсан бол тухайн өвчнийг дарах эм, эмчилгээг давхар хийх хэрэгтэй. Зүрхний өвчнөөс шалтгаалж хавагнасан бол зүрхний эмтэйгээ хавсарсан эмчилгээ хийгдэнэ гэсэн үг. Уламжлалт анагаах ухааны нэг давуу тал нь зөвхөн шинж тэмдгийг нь дардаггүй, цаад эх үүсгүүрийг нь дардагт байдаг. Есөн хоног шинж тэмдэг нь дарагдахгүй явж байгаад арав дахь хоног дээрээ эмчилгээ дуусахад өвчин эдгэрсэн байх тохиолдол байдаг. Энэ нь цаад эх үүсгүүрийг нь дарах эмчилгээ хийсэн хэрэг. Мэдээж өвчтөнөө амраахын тулд зовиурыг нь арилгах эмчилгээг хийнэ. Тиймээс ч уламжлалт эмчилгээ үр дүн сайтай. Манай Манба Дацан эмнэлэгт ихэвчлэн хавсарсан өвчтэй хүмүүс ирдэг. Яг хаван өвчнөөс шалтгаалаад эмнэлэгт ирдэг хүн тун цөөхөн.

-Хүмүүс дур мэдэн хаван буулгах янз бүрийн аргыг хэрэглэдэг. Энэ нь хэр зохимжтой вэ?

-Эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр дур мэдэн янз бүрийн арга хэрэглэх нь үр дүнд хүрэхээсээ илүү өвчнийг улам хүндрүүлэх аюултай. Хэн нэгэнд таарч тохирсон эмчилгээ өөр хүнд эсрэгээрээ аюул учруулах магадлалтай. Учир нь шинж тэмдэг ойролцоо ч, шалтгаан нь өөр байх тохиолдол их бий. Тиймээс сайн гэсэн болгоныг турших үзэх нь аюултай юм. Хүний бие махбод тоглоом биш шүү дээ.

Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.