Жэк Ма “Алибаба” группээ дэлхийн тав дахь баян “гүрэн” болгоно

2017-06-19 Ертөнц

Хятадын цахим худалдааны “Алибаба” групп 2036 он гэхэд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын 5-д орох хэмжээнд хүртэл бизнесээ өргөжүүлнэ гэж Жэк Ма мэдэгдлээ. Одоогоор тус группийн санхүү мөнгөний эргэлт, хөрөнгө чинээг дэлхийн улс орнуудтай харьцуулвал Швед, Польш, Норвеги, Австри гэсэн баян улсыг ч ардаа орхихоор байгаа юм.

Алибаба групп 2020 он гэхэд нийт худалдаа эргэлтээ нэг их наяд ам.долларт хүргэх зорилготой байгаа аж. Хэрэв тэд энэ зорилгодоо хүрвэл дэлхийд эдийн засгаар 16, 17-д орохуйц улсын хэмжээний санхүү мөнгөний эргэлттэй буюу Турк,Саудын Араб зэрэг оронтой эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрнэ гэсэн үг юм. Гэвч энэ бол Алибаба, түүний эзэн Жэк Магийн эцсийн зорилго биш. Тэд санхүүгийн хүч чадлаар дэлхийд тавдугаарт буюу АНУ, Хятад, Европын холбоо, Японы араас орох хэмжээнд, эдийн засгийн чадавхиар дэлхийд тэргүүлэгч эдгээр оронтой өрсөлдөх хэмжээнд хүрэхийг хичээж байгаа аж.

Алибабагийн цахим худалдааны сайтаар өдөр тутам 450 сая хүн идэвхтэй үйлчлүүлдэг. Тэгвэл Жэк Ма энэ тоог тэрбум давуулах хүсэлтэй яваа аж. Тэд дэлхийн хүн амын гуравны нэг буюу хоёр тэрбум хүнд үйлчилж, аль ч улс орны Засгийн газрын зориглон хөдөлж байгаагүйгээр 100 сая ажлын байр бий болгож, 10 сая бизнесийг тогтвортой орлогоор хангах хэмжээнд бизнесээ өргөжүүлэхээр зорьж төлөвлөн ажиллаж байгааг Жэк Ма “South China Morning Post” сонинд өгүүлжээ.

Б.Номун

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.