Лондонд дахин халдлага гарав уу

2017-06-19 Ертөнц

Британийн нийслэл Лондонд ачааны машинаар явган зорчигчдыг дайрсан хэрэг дахин гарлаа. Осол Финсбуригийн исламын сүмийн гадна болсон байна. Гэрчүүдийн ярьж буйгаар орой мөргөлөөс гарч явсан хүмүүсийг ачааны машин зориудаар дайрчээ. Хэргийн газар дээр нэг хүн нас барж, найман хүн гэмтсэнээс гурвыг нь эмнэлэгт хүргэжээ. Мөн жижиг бэртэл авсан үүнээс ч олон хүнд түргэн тусламж үзүүлжээ.Гэрчүүдийн мэдүүлснээр ачааны машин хүмүүсийг дайрсны дараа машинаас хоёр хүн гарч зугтсан байна. Харин машины жолоочийг иргэд хүч хавсран саатуулж байсныг цагдаагийнхан баривчилжээ.

Одоогоор Британийн эрх баригчид энэ явдлыг террорист халдлага гэж нэрлэхгүй, осол хэмээн мэдээлж байна. Гэвч явган зорчигчдыг олноор нь санаатай дайрах ийм төрлийн гэмт хэрэг Британид сүүлийн үед хэд хэд давтагдаж, түүнийг террорист халдлага гэж үзэж байсан. Өмнөх хэргүүдийг муслим шашинт иргэд терроризмын зорилгоор үйлдэж байсан бол энэ удаа муслим шашинт иргэд хэргийн бай болжээ. Ер нь тус улсад гарсан өмнөх террорист халдлагуудын дараа муслим шашинт иргэдийг гутаан доромжлох, тэдэнд халдах явдал нэмэгдсэн байна.

Энэ удаагийн явдлыг хэн, ямар зорилгоор үйлдэв, террорист халдлага мөн эсэхийг одоогоор цагдаагийнхан тодруулаагүй байна.

Б.Номун

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.