Баянгол, Сүхбаатар дүүрэгт гурван ээлжид шилжих эрсдэлтэй нийт найман сургууль байна

2023-08-4 Боловсрол


Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх өргөтгөсөн ажлын хэсгийг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдаар ахлуулан байгуулсан.

Уг ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчин суралцуулах, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг судлан, шийдвэрлэх үүрэгтэй юм.

Тэд сүүлийн хоёр өдөр Сүхбаатар болон Баянгол дүүрэгт ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн тухайд гурван ээлжид шилжих эрсдэлтэй дөрвөн сургууль, 1,477 сурагч бий. Үүнийг шийдэхийн тулд нэг сургуулийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулж, гурван сургуулийг нэмэлт түрээсийн байранд хичээллүүлэх нь оновчтой гэж үзсэн байна.

Баянгол дүүрэгт гурван ээлжид шилжих эрсдэлтэй дөрвөн сургууль бий бөгөөд 4,813 сурагчийн эрх ашиг энд хөндөгдөж буй. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ажлын хэсгийнхэн нэг сургуулийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулах, гурван сургуулийг нэмэлт түрээсийн байранд хичээллүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн нэг сургуулийн дотоод нөөцөө ашиглах анги гаргах боломжтой гэсэн байна.

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.