Эрхэм аав та хаана явна вэ?
Та хүүхэддээ цаг хугацаа хэр зарцуулдаг вэ?
Бид өнөөдөр зав зайгүй ажилласаар , хаана юунд хүрэх гээд байгаагаа ч умартан утга учиргүй мөнгө, эрх мэдэл, нэр алдарын төлөө явсаар хамгийн эрхэм нандин зүйл болох гэр бүл, өөрийн ойр дотны хүмүүсээ үл анзааран тэдэндээ цаг хугацаа хайр халамжаа маш бага зарцуулдаг.
Сэтгэл судлаачдын гаргасан судалгаагаар хүүхэдтэйгээ хамгийн их цаг хугацааг өнгөрөөдөг аав 24 цагаас 6 цагийг нь л хамт тоглож, гадуур үзвэр үзэж, аливаа зүйлийг хамтдаа хийж, үлгэр ярих зэргээр хамтдаа байдаг гэж гарчээ. Тэгвэл хамгийн бага цаг хугацааг өнгөрөөгч аав 1-2 цаг гэж гарсан нь аавуудын хүүхэдтэйгээ харилцах амьд харилцаа дутагдаж байгааг харуулж байна.
Хүүхдэд аав ээж хоёулаа хэрэгтэй. Гэхдээ хүүхэд ихэнх цаг хугацааг ээжтэйгээ өнгөрүүлдэг учир аавтайгаа байх, тоглох туйлын хүсэл сонирхолтой байдаг байна. Хүүхдийн сэтгэлзүйн орон зайд бага насны дурсамж нь маш тодоор үлддэг бөгөөд энэ дурсамжид аав хэмээх орон зай маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Насанд хүрсэн хойноо аавынхаа хамгийн сайхан дурсамжуудыг сэтгэлдээ хадгалдаг байна. Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээ бол мөнгө, ганган гар утас, үнэтэй брэндийн хувцас хунар биш харин гагцхүү хайр халамж дурсамжтай сайхан үе гэр бүлийн халуун дотно уур амьсгал, аавтайгаа тоглох, хамт аливаа зүйлийг хийх зэрэг нь хамгийн чухал ажээ.
Гэвч манай аавууд мөнгө сайн олж гэр бүлээ юугаар ч дутаахгүй элбэг хангаллуун байлгаж, төлбөртэй сургуульд сургаж, олон янзын дугуйлан секц, сургалтанд суулгаж тэдний боловсролд онцгой анхаардаг ч яг үүн шигээ хариу хүсэж хүүхдээсээ өндөр амжилт хүсэх нь хүүхдэд сэтгэл санааны дарамт айдас зэргийг бий болгодог.
Хүүхэдтэйгээ хамт цаг хугацааг өнгөрөөхгүй, тоглохгүй байх нь тухайн хүүхдийн сэтгэлзүйд асар их хоосон орон зай үүсгэж, ганцаардах хайр энхрийлэлээр дутах дутуу дулимагийн мэдрэмжтэй нэгэн болж хүмүүжэхэд нөлөөлдөг байна.
Бага наснаасаа аавын хайр энхрийллийг мэдрээгүй буюу маш бага мэдэрсэн аавын талаарх таагүй дурсамжтай хүүхэд сэтгэлзүйн хувьд өөртөө итгэл муутай өөрийн үнэлэмж доогуур нэгэн болж хүмүүждэг.
-Орчин тойрныхоо хүмүүстэй ойлголцоход бэрхшээлтэй.
-Хэт түрэмгий эсвэл хүлцэнгүй
-Аялдан дагалдамтгай
-Хоолны хэт дуршилтай эсхүл багатай
-Өвчлөмтгий, эмзэг гомдомхой
-Уур бухимдалтай
-Хорт зуршилд автамхай
Бусдын анхаарлын төвд байх хэт эрмэлзэлтэй байх гэх мэт зан үйл ажиглагдаж магадгүй. Ихэнх тохиолдолд ийм байдаг хэдий ч зарим ийм хүүхдүүдийн хувьд эсрэгээрээ удирдагч манлайлагчид болох талтай байдаг. Энэ нь аавынх нь орон зайг өвөө эмээ ээж ах эгч нь маш сайн оролж чадсантай холбоотой. Бага наснаасаа бүр эхийн хэвлийд байх үеэсээ аавынхаа хайр энхрийллийг мэдэрч, халуун дотно уур амьсгалд өссөн, таатай дурсамж, аз жаргалаар дүүрэн өсч хүмүүжсэн хүүхэд өөртөө итгэлтэй нэгэн болдог байна.
-Гэр бүл найз нөхөд, ойр дотныхонтойгоо ойлголцож чаддаг
-Сэргэлэн цовоо
-Ирээдүйдээ итгэх итгэл дүүрэн
-Ямар нэгэн алдаа бэрхшээлийг “сургамж” “сорилт” хэмээн хүлээж авдаг
-Бусдад хайр баяр баяслыг бэлэглэж чаддаг
-Идэвхи санаачлагатай, дайчин
-Дасан зохицох сэтгэлийн хаттай байх чадвар нь илүү хөгжсөн
-Бусдын анхаарлын төвд амархан орж чаддаг гэх мэтчилэн олон сайн зан төрхийн илрэлүүд ажиглагддаг байна.
Эрэгтэй хүүхэд бага насандаа ээжтэйгээ илүү дотно харилцаатай, эмэгтэй хүүхэд бага насандаа аавтайгаа илүү дотно харилцаатай байдаг ч эрэгтэй хүүхэд өсч томрох, шилжилтийн үе, өсвөр нас, насанд хүрэх гэх мэт амьдралын чухал эгзэгтэй ээдрээтэй асуудлуудад аавынх нь хайр халамж, холч ухаан үнэтэй сургааль зөвлөгөө нь ээжийнхээс ч илүү эрхэм нандин үнэ цэнэтэй байдаг.
Иймд аав та ажлаа тараад гэртээ ирэхдээ зурагтын удирдлагаа бариад буйдан дээрээ суух биш хүүхэдтэйгээ заавал тоглож тэднээс өнөөдөр юу хийсэн, сургууль дээр нь юу болсон, найз нөхөдийнх талаар асууж харилцан ярилцаж өөрийнхөө ажлын талаар ч гэсэн ярьж амьд харилцааг үүсгэж байгаарай.
-Ажлын ширээн дээрээ хүүхэд гэр бүлийнхээ зургийг тавих
-Долоо хоногийн нэг өдрийг заавал гэр бүлдээ зориулж хэвших. \гадуур хооллох, салхинд гарах, үзвэр үзэх гэх мэт\
-Хүүхэдтэйгээ тоглож байх, хамт байхдаа юу хийх, ямар зүйлийн талаар ярилцах зэрэг бяцхан төлөвлөгөө гаргах
-Хүүхдийнхээ санаа бодлыг сонсож ойлгож үзэл бодлыг нь хүндэтгэж байх.
-Түүний хамгийн сайн найз нь байж чаддаг байх
-Цагаа олсон урмын үгсийг хэлж сурах, насанд нь тохирсон шийтгэлийг өгч байх.
Аавууд та бүхэнд ажил алба нэр төр, амжилт чухал хэдий ч таны үр хүүхэд энэ бүхнээс ч илүү чухал үнэ цэнэтэй юм шүү. Өөрийн үр хүүхэддээ цаг зав хайр энхрийллийг өгч чаддаг аавууд олон болоосой гэсэн ерөөл дэвшүүлье. Та хүсвэл хийж чадна. Таны хүүхэд бол таны үргэлжлэл.
Сэтгэл зүйч: А.Бадамхатан
87326
30230
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.