Өнөөдөр харьяалал харгалзахгүй үнэгүй үзлэг, шинжилгээ хийнэ

2023-06-7 Мэдээ мэдээлэл


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жил, Эрүүл мэндийг дэмжих урьдчилан сэргийлэх төв байгуулагдсаны таван жилийн ойд зориулан тус эмнэлэг өнөөдөр /2023.06.07/ харьяалал харгалзахгүйгээр иргэдэд үзлэг, шинжилгээ хийхээр болжээ.

Тодруулбал, “Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв” -өөр харьяалал харгалзахгүй 10 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх юм байна.

Өнөөдөр болох нээлттэй хаалганы өдөрлөг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 10:00-15:00 цагт А блок (Амбулатори)-ийн таван давхарт үргэлжлэх юм.

Өдөрлөгөөр:

-Биеийн найрлага хэмжих Accuniqu-920 аппаратаар өөх, булчингийн масс, эрдэс, уургийн хэмжээг тодорхойлж, дүгнэлт гаргах,
-Ясны нягт тодорхойлох Osteosys 3000 аппаратаар ясны сийрэгжилтийг тодорхойлох,
-Хэвлийн ЭХО оношилгооны аппаратаар дотор эрхтний өөрчлөлтийг тодорхойлох,
-Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох,
-Хоол зүйн иж бүрэн зөвлөгөө мэдээлэл өгөх,
-Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх сургалтыг зохион байгуулах,
-Дотор, мэдрэлийн эмчийн үзлэг зохион байгуулах
-Шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах,
-Витамин, эрдэс, нэмэлт бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа,

Үйлчлүүлэгчдийг эмчилгээнд хамруулах, цаг товлолт хийх зэрэг үйл ажиллагаа болох юм байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Нарлаг улаанбаатар ротари клубын санхүүжилтээр “Эрүүл мэндийг дэмжих төв” – ийг 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр байгуулсан аж. Эрүүл мэндийг дэмжих тус төв нь төрийн тусгай албан хаагчдын өвчлөл, нас баралтын зонхилох хувийг эзэлдэг урьдчилан сэргийлэх боломжтой бодисын солилцооны хам шинж (БСХШ), зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, бөөр шээсний зам, хоол боловсруулах замын өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйл болох архи, тамхины хортой хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, стресс зэргийг эрт илрүүлдэг. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх түүнийг хянах, эрүүлжүүлэх зэрэг эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой ажилладаг байна. Төрийн тусгай албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, зан үйлийн цогц үнэлгээ хийж тэдний хөдөлмөрийн бүтээмж, амьдралын чанартай уялдуулан судлах шинэ технологиудыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 270 мянган хүнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.