А.ЦОЛМОН: Халзан бүрэгтэй хайгуулын үе шатаас талуудын оролцоог ХАНГАСАН УУЛ УУРХАЙН ЖИШИГ ТӨСӨЛ БОЛНО

2023-05-3 Байгаль орчин

 

Халзан Бүрэгтэй төслийн Геологи, уурхай хариуцсан Төслийн менежер А.Цолмонтой төслийн үйл ажиллагаа, орон нутгийн иргэдийн оролцооны талаар ярилцлаа.

-Та Халзан Бүрэгтэй ордыг хайгуулын үе шатнаас эхлээд оролцогч талуудын оролцоог хангасан уул уурхайн жишиг төсөл болно гэлээ. Үүнийг тайлбарлана уу?

-Уул уурхайн салбарт хайгуул хийж байгаад төслөө зардаг, эсвэл зөвхөн уурхай нээхийн өмнө орон нутгийн цөөн айлыг нүүлгэн шилжүүлэх үедээ л тэдэнтэй харилцдаг жишиг тогтоод удсан. Энэ нь ард иргэдэд уурхайн талаар муу дурсамж, гомдол үлдээдэг.

Хариуцлагатай уул уурхайг геологийн судалгааны ажлаас эхлүүлдэг олон улсын сайн жишээ олон. Бид энэ жишгээр Халзан Бүрэгтэй орд дээр хайгуулаас нь эхэлж орон нутагтайгаа харилцан ойлголцсон түншлэлийн харилцаа бий болгохоор зорьж байна. Үндэсний хөрөнгө оруулагчийн хувьд төслөө эхлэхээс дуусах хүртэл өөрсдөө хариуцахын зэрэгцээ нутгийн иргэдийн оролцоог хангаж ажиллахыг хичээдэг.

-Халзан Бүрэгтэй газрын ховор элементийн төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлэх уул уурхайн томоохон төслүүдийн нэг. Та энэ төслийг удирдаж байгаа багийн гишүүний хувьд товчхон мэдээлэл өгнө үү?

-Халзан Бүрэгтэй орчимд 1980-аад оноос тухайн үеийн ЗХУ геологийн баг эрлийн ажлаар ордыг нээн илрүүлэн, улмаар 1990 онд Монгол Улсын эрдэс баялгийн санд ордын баялгийн хэмжээг бүдүүн тойм байдлаар бүртгүүлсэн байдаг. Үүнээс хойш 2012 онд “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК (МНРИК ХХК) ордод анхны бүрэн хэмжээний олон улсын стандартын хайгуул, судалгааны ажил хийсэн байдаг.
Ингээд ордын нөөцийг батлагаажуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө анх удаа батлуулсан. Халзан Бүрэгтэй орд нь Монгол орны эрдэс баялгийн санг арвижуулсан газрын ховор элементийн орд болж төрд данстай болсон товч түүх ийм. Үүнээс хойш бид Герман, Канад зэрэг орны олон улсын судлаачидтай хамтран ордыг тасралтгүй судалж, хөгжүүлсээр ирлээ.

Монгол Улсын Засгийн газрын баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элементийн нөөцийг нэмэгдүүлэх, нөөц нь тогтоогдсон ордуудыг нарийвчлан судалж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийн бодлогыг баримтална” гэх зэргээр төрийн бодлогын томоохон баримт бичгүүдэд тусгайлан зааж, онцгой анхаарч байгаа.

Өнөөдөр улс орнууд бүгд газрын ховор элементийг өөрсдөөсөө эрж хайж байна. Байхгүй нь байж болох газруудаас импортолж авахыг хичээж байна. Дэлхий нийтээрээ өндөр технологийн түүхий эд, тэр дундаа газрын ховор элемент рүү хошуурч буй чиг хандлагаас Монгол Улс хоцрохгүй байхыг хичээж байна. Тийм болохоор бид томоохон ордыг эзэмшдэг үндэсний компанийн хувьд үүргээ ухамсарлан ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахад юу шаардлагатай вэ гэдэгт анхаарлаа хандуулж, дараагийн алхмуудаа хийж эхлээд байна.

-Хүлээгдэж байгаа дараагийн алхмууд юу вэ?

-Цооногууд өрөмдөх шаардлагатай. Орд газрыг ашиглалтад бэлтгэнэ гэдэг маш их хугацаа, хөрөнгө хүч шаардсан хүнд хөдөлмөр. Геологи, геотехникийн, инженерийн, болон баяжуулалт боловсруулалтын гээд үе шаттай олон судалгааны ажил энэ цооногуудад хийгдэхээр хүлээгдэж байна.

Гадны том лабораториудад бид захиалгаа өгсөн. Хүлээлтийн байдалтай байна. Энэ ажлыг хийхдээ Монгол Улсын тэргүүлэх зөвлөх инженерүүдээс гадна Канад, Австралийн зөвлөх инженерүүдийг урьж ордын хайгуулын үр дүнг олон улсын ЖОРК стандартад нийцүүлэхээр ажиллаж байна.

-Хайгуулын ажлын өнөөдрийн явц ямар байна вэ?

-Бид өрөмдлөг, геологийн судалгааны ажлыг 2022 оны аравдугаар сараас эхлүүлсэн боловч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Учир нь, ордын онцлог, агуулагдаж байгаа газрын ховор элемент гэдэг нэр нь их сонин, сүржин сонсогддог юм байна. Үүнтэй холбоотой эрсдлийг монголчууд сайн мэддэггүй, ойлгодоггүй. Хортой, аюултай, бүр урантай хольж хутгаж байгаа зүйл ч байна. Энэ мэт үл ойлголцол орон нутагт үүссэн учраас бидний зүгээс ажлаа сайн тайлбарлаж, зөвөөр ойлгуулах зорилгоор аймгийн онцгой байдлын комиссоос гаргасан шийдвэрийг хүлээн авч хайгуулын ажлаа түр зогсоосон.

Одоогийн байдлаар хайгуулын ажлын бэлтгэл хийхийн хажуугаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу орон нутгийн иргэдийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр түлхүү ажиллаж байна.

-Уран гэснээс орон нутгийн байгалийн цацрагийн дэвсгэр түвшний судалгааг танай компани Цөмийн судалгааны төвтэй хамтран хийж байгаа. Энэ нь ард иргэдийн эргэлзээг тайлах ажил болох болов уу?

-Энэ судалгаа цаашид байнга хийгдэнэ. Таны хэлдэгээр орон нутгийн иргэдийн эргэлзээг тайлах шаардлагатай судалгаа болно гэж итгэж байна. Үр дүнг нь нээлттэй танилцуулаад явна. Оросууд уран хайж байгаад гараад явчихсан гэсэн мэр сэр яриа орон нутагт байдаг юм билээ. Баттай хэлэхэд, Халзан Бүрэгтэй орчимд Эрдэс баялгийн санд бүртгэгдсэн 1 кг ч ураны нөөц байхгүй. Уран их үнэтэй. Хэрэв Халзан Бүрэгтэй уран ихтэй, ялгаж ашиглаж болдог байсан бол төр энэ орд гээд бүртгээд авчихсан байх байсан.

-Орон нутаг руу компанийн үйл ажиллагаагаа чиглүүлээд ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?

-Болно. Орон нутагт чиглэсэн ажлуудаас гадна байгаль орчин, нийгэм, засаглалын судалгаа, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэх мэт ажлуудыг хийх шаардлагатай. Энэ ажлуудаа гадны, нэр хүндтэй мэргэшсэн байгууллагуудаар энэ ондоо багтаан хийхээр төлөвлөсөн.

Хайгуулын үйл ажиллагаа зогссоноос хойш таван сар орчим хугацаа өнгөрчээ. Бид төрөөс баримталж байгаа чиглэлийн дагуу Халзан Бүрэгтэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардла гатай ажлуудыг инженерийн талаас нь түлхүү харж эхлүүлсэн бол сүүлийн таван сарын хугацаанд нийгмийн шаардлагаар орон нутаг руу хандсан ажлуудад илүү анхаарал хандууллаа.

-Өнгөрсөн таван сарын хугацаанд орон нутгийн иргэдийн хувьд Халзан Бүрэгтэй ордын төсөл, тэр тусмаа газрын ховор элементийн талаарх ойлголт хэр сайжирч байна вэ?

-Монголчууд нүүрс, зэс, алтаа сайн мэднэ. Харин газрын ховор элементийн мэдлэг багатай. Тэгэхээр гадны мэргэжилтнүүдээс өөрсдөө байнга суралцах, сурсан мэдлэгээ орон нутгийн иргэдэд дамжуулах, түгээх ажил маш чухал. Газрын ховор элемент гэж юу вэ? Монгол Улсад яагаад чухал вэ? Урантай яагаад хольж ойлгогдоод байгаа вэ? Байгалийн цацраг идэвхи гэж юу вэ? гэсэн сэдвүүдээр нэвтрүүлгүүд хийж фэйсбүүк хаягаараа олон нийтэд мэдээлж байна.

Түүнчлэн Мянгад сум болон Ховд хотод нээлттэй өдөрлөг зохион байгуулан инженерүүд, зөвлөхүүд маань ард иргэдтэй нүүр тулсан уулзалт хийж байна. Иргэдэд ойлгомжтой, нээлттэй тайлбарлахаар маш эерэг ханддаг. Хоргүй, аюулгүй гэдгийг маш хурдан ойлгочихдог. Хоргүй, аюулгүй бол өөрсдөө ажилламаар байна, үр хүүхдээ ч ажиллуулмаар байна гэсэн хүмүүс их байна. Бид ч мөн тэдэнд ажлын байр санал болгодог. Олон хүний амьдралд өгөөжтэй төсөлт болгох нь компанийн зорилт. Энэ тал дээр орон нутгийн иргэд, төслийн баг нэгдмэл байгаа.

-Танай компани хайгуулын ажил анх эхлүүлэхээс л орон нутгийнханд нээлттэй байсан уу?

-Бид хийж байгаа ажлынхаа талаар үргэлж ил тод, нээлттэй байна. Төслийн талбай дээр ирээд тайлбар авья, өрөм дээр очьё гэсэн санал хүсэлтийн дагуу үзүүлж байсан. Кэмпийн үүд хаалга өдөр бүр нээлттэй. Сумын иргэд, иргэдийн хурлын төлөөлөл, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байцаагч, экологийн цагдаа гээд манай төслийн талбайтай танилцсан хүн олон. Иргэний нийгмийн байгууллагынхан бол тогтмол ирдэг. Төслийн баримт бичгүүдтэй үзэж танилцаад, үг үсгийн алдааг маань олон нийтийн сүлжээгээр шүүмжлэхэд хүртэл бид нээлттэй ханддаг байсан (инээв). Манай фэйсбүүк хуудас байнга идэвхитэй ажиллаж, үнэн зөв мэдээллээ түгээдэг.

Цаашид ч ийм хэвээрээ байна. Шинэ төрлийн ашигт малтмал хайж байгаагийн хувьд энэ талаар иргэдэд тогтмол тайлбарлаж, таниулах ажлаа, өргөн цар хүрээтэй явуулж байж ойлголцох юм байна гэдгийг өмнөх туршлага харууллаа. Орон нутгийн иргэд нь манай төслийн чухал оролцогч тал учраас бид бодитой мэдээлэл өгч, иргэдийн саналыг тогтмол хүлээж авах зорилгоор Орон нутгийн мэдээллийн төвийг Мянгад сумын төвд ойрын хугацаанд байгуулна.

-Иргэдийн хандлага , ойлголт сайжирч байгаа жишээг Та түрүүн цухас дурдлаа. Төсөл дээр иргэдийг авч ажиллуулж байгаа юу?

-Орон нутгаас тодорхой тооны хүмүүс манай төсөл дээр ажиллаж байна. Цаашид боломжтой тоогоороо нэмж авна, дадлага хийлгэнэ. Гэхдээ хайгуулын ажил олон ажлын байр бий болгох боломжгүй, улирлын чанартай учир өөр ямар байдлаар төсөл дээр иргэдээ оролцоотой байлгах вэ гэдгийг судалж байна. Сайшаалтай нь Мянгад сумын иргэдийн зүгээс бидэнтэй хамтарч ажиллах эхний санал санаачилгуудыг гаргаж эхэлсэн. Нутгийн иргэдийн санааг зовоосон цацрагийн асуудал, байгаль орчны мониторингийн судалгаануудад хамтарч ажиллах боломжтой. Төслийн үйл ажиллагаанд оролцох бүх төрлийн санал, санаачлагад бид нээлттэй.

Түрүүн хэлсэнчлэн газрын ховор элемент гэдэг ашигт малтмал өөрөө шинэ зүйл учраас иргэдэд хичээл заагаад, нэг мундаг хүн тайлбарлаад ойлгуулах амар биш. Тэгэхээр дан компани бие дааж судлаад, тайлан тавиад явдаг биш иргэдтэйгээ хамтарч судлаад, эрсдлээ хамтдаа үнэлээд, ойлгодог байвал илүү үр өгөөжтэй.

-“Оюу Толгой” компанийн Гурван талт зөвлөл бол сум, орон нутагт талуудын оролцоог хангасан сайн жишиг. Та бүхэн энэ туршлагыг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа юу?

-Бидний хувьд “Оюу Толгой” компанийн Гурван талт зөвлөлийн туршлага, бусад амжилттай хэрэгжсэн төслүүдийн туршлагуудыг судалсан. Өмнөх сайн жишээнүүд болон Мянгад сумын ард иргэдэд нийцэх ямар хувилбар байж болохыг дундаасаа гаргаж ирнэ гэж найдаж байна. Дахин хэлэхэд оролцоог хангах бүх хувилбарт бид нээлттэй.

-Та “Халзан Бүрэгтэй хөгжил сан”-гийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энэ сангийн талаар мэдээлэл өгнө үү?

-“Халзан Бүрэгтэй хөгжил сан” нь орон нутагт нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Сангийн үйл ажиллагаа нь боловсрол, соёл, хүн ам болон малын эрүүл мэнд, байгаль хамгаалал, жижиг дунд үйлдвэр, хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих чиглэлтэй. Сангаа бид бие даасан засаглалтай, нөгөө талаас үйл ажиллагааг нь шилэн байлгах чиглэлд анхаарлаа хандууж байна. Одоогийн байдлаар “Халзан Бүрэгтэй хөгжил сан”- гийн томоохон ажил нь “Шүд эрүүлжүүлэх аян” байсан. Мянгад сумын эмнэлэг шүдний кабинетгүй. Иймд шүдний өвчлөлийн эрт илрүүлэг хийх үүднээс дээрх аянг зохион байгуулсан. Нийт 200 гаруй хүнд шүдний оношилгоо, эмчилгээ хийсэн байна. Дийлэнх нь хүүхдүүд. Цаашдаа сангаараа дамжуулж орон нутгийн иргэдийн өөрсдийнх нь санаачилсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих байдлаар ажиллана. Ингэснээр нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэхээс гадна залуучууд, иргэд төсөл хөтөлбөр бичиж, өрсөлдөж, санхүүжилт авч, төслөө газар дээр буулгаж сурах, хэлний мэдлэг сайжрах зэрэг мөнгөөр үнэлшгүй мэдлэгүүд олж авах давуу талтай гэж найдаж байна.

-Аймаг, сумын хөгжлийн бодлогын баримт бичигт уул уурхайг дэмжсэн, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг дурдсан ямар зорилтууд тусгагдсан байдаг вэ? Ялангуяа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уул уурхайн төслүүд орон нутагт л хэрэгжинэ шүү дээ?

-Ховд аймгийн Засаг даргын зүгээс ард иргэдийн дэмжлэгийг авсан уул уурхайг дэмжинэ гэдэг байр сууриа илэрхийлсэн. Өнгөрсөн сард Ашигт малтмал, газрын тосны газрын Баруун бүсийн салбар төлөөлөл Ховд аймагт нээгдлээ. Энэ ажлыг бид уул уурхайн компаниудад ойртсон, төрийн бодлого, зохицуулалтыг илүү дөхөм болгосон алхам болжээ гэж харж байна. Ховд аймаг хөгжлийн таван чиглэлээ уул уурхай, тээвэр логистик, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан гээд тодорхойлсон. Аймаг өөрөө дэд бүтэц сайтай учраас уул уурхайдаа түшиглээд бусад салбараа хөгжүүлэх боломж сайтай. Аймгийн удирдлагын зүгээс хариуцлагатай уул уурхай, хариуцлагагүй уул уурхай гэсэн заагаар сайныг нь дэмжиж, мууд нь хатуу хандана гэдгээ илэрхийлснийг сайшааж байна.

Эх сурвалж: “Эрдэс баялагийн тойм” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.