УЕПГ: Хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй 2 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцжээ

2023-04-27 Мэдээ, мэдээлэл

Прокурорын байгууллага 2023 оны I улирлын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьсан.

Тодруулбал, хорих ял эдэлж байгаа 4330, цагдан хоригдсон 2097, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 4868, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 12.427 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллав.

Прокуророос 2023 оны I улирлын байдлаар ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явцад хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 1624 удаа танилцаж, 251 шалгалт, судалгаа хийлээ.

Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 517 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар 50 прокурорын шаардлагыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн. Прокурорын шаардлагын мөрөөр хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй 2 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсон байна.

Түүнчлэн цагдан хорих хугацаа нь хэтэрсэн, албадан саатуулагдсан хоногийг баривчлах шийтгэлд нь оруулан тооцоогүй зэрэг зөрчлийг илрүүлж, эрх нь зөрчигдсөн 27 хоригдол, ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн.

Эх сурвалж: УЕПГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.