Домогт удирдагчийн хүүхдүүд түнжин хагарчээ

2017-06-15 Ертөнц

Сингапурын домогт удирдагч Ли Куан Ю хорвоог орхиод хоёр жилийн ч нүүр үзээгүй байхад хүүхдүүд нь өөр хоорондоо эвдрэлцэж, гэр бүлийн маргаанаа хэвлэлээр нэг дэлгэхдээ хүрчээ.

Ли Куан Югийн том хүү Ли Сяньлун одоо улсынхаа Ерөнхий сайдаар ажилладаг. Хэдийгээр аавынхаа зиндаанд хүрч үнэлэгдэх болоогүй ч түүний эрх баригч нам улсаа итгэл төгс удирдаж байгаа. Гэтэл түүний дүү ахыгаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна, эцгийнхээ сүүлчийн захиасыг биелүүлсэнгүй хэмээн хэвлэлээр ил цагаан шүүмжилжээ. Бага Лигийн хэлснээр бол эцэг нь өөрийн амьдарч байсан байшингаа нас барсных нь дараа нураагаарай гэж хүссэн аж. Ли Куан Югийн амьдарч байсан байшин нь 200 жилийн өмнө еврей худалдаачин барьсан хуучны эд бөгөөд 1945 онд Лигийнх худалдан авч байжээ. Гэтэл Ли Сяньлун эцгийнхээ энэ хүслийг ёсоор болгож, байшинг нураасангүй. Дүүгийнх нь хэлснээр бол аавынхаа хуучин байшинд нүүж орох бодолтой байгаа аж. Энэ нь байшингийн үнэ хөрөнгөнд шунасандаа ч бус, аавынхаа зүй ёсны залгамжлагч гэдгийг харуулж, нэр нөлөөгөө бататгах гэсэн хэрэг гэж дүү нь үзэж байгаа аж. Ли Сяньлун болон түүний эхнэр, Сингапурын төрийн өмчит “Темасек” компанийн захирал Хо Чин нар хүүгээ улс төрд бэлдэж, дараагийн удирдагч болгохын тулд эцгийнхээ байшинд шунаж байна гэж харджээ. Харин олон нийтийн зарим нь Ли Сяньлуны үйлдлийг зөв гэж үзэж байна. Учир нь, хуучны энэ байшин Сингапурын түүхийн гэрч болсон, их удирдагчийнх нь насаараа амьдарч байсан гэр орон учраас цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгдэнэ. Тиймээс байшинг нураалгүй, арчилж тордон авч үлдэх хэрэгтэй гэж үзэх хүмүүс байна.

Харин Ерөнхий сайд дүүгийнхээ хэвлэлийн дайралтад дараа албан ёсоор хариулт өгнө гэж  мэдэгджээ. Тэрээр амралтад явсан хойгуур дүү нь ийм дуулиан дэгдээсэн аж.

Б.Номун

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.