“Бурхангүй газрын бумба галзуурна”

2023-04-16 Байгаль орчин

Анализ тойм

(“Халзан бүрэгтэй”-н асуудлаарх уул уурхай-нийтийн эрх ашгийн зөрчил)

Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэйд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний үйл ажиллагаа илтэд эрээ цээргүй болж ирж буй нь ажиглагдах болов. Энэ тухай үгүүлэхийн өмнө одоо улсын хэмжээнд өрнөөд буй зарим асуудлыг цухас дурдая. Өмнөх дугаарт бид Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг талуудын оролцоотойгоор дахин боловсруулахаас өөр аргагүй байгаа талаар нийтэлсэн. Тодруулбал, холбогдох яам хийгээд ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл нь уг асуудлыг зохицуулах чадамжгүй төсөл болсон байв! Үүнтэй зэрэгцээд Дорнодын тал нутагт газрын тосны олборлолт явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайно Дачин тамсаг” компанийн олборлолтын талбайн орчимд цагаан зээр үй олноороо үхэж үрэгдсэн, сэгийг нь дээрх компаний нөхөд нууцаар булах гэж байгаад үйлдэл дээрээ илчлэгдсэн тухай асуудал дэгдэв. Дорноговийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны хайгуул, ашиглалтын (Францын “Арево майнс”-нэрээ өөрчилж Бадрах энержи компани болгосо) нөлөө хэмээн нутгийн ардууд, бусад хүмүүсийн үзэж буй мал, амьтны өвчлөл гамшгийн тухай баримт мэдээллүүд гарсаар, ард олны эсэргүүцэл тэмцэл өрнөсөөр байна. Эдгээрээс харахад эрдэс баялаг, уул уурхайн асуудлаас үүдэж нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлага манай улсад хурцаар тавигдах хэмжээнд хүрчээ.

Уул нь нийтийн эрх ашгийг хөндсөн ийм хурцадмал асуудал хэвлэл мэдээлэл, нийгмийн зүтгэлтнүүд болоод энэ талаар үүрэг хүлээж ажилладаг төрийн байгууллагуудын анхаарлын төвд байж, тэдгээр байгууллага, газрууд нь уг асуудлаар талуудын санал бодлыг уралдуулан мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүй ёсны зүйл. Гэвч манайд тэр тусмаа орон нутагт ийм сөгөөтэй нь бараг алга. Хэвлэл мэдээллийхэнд үүнийг санал болгоход барагтай бол хөдлөхгүй. Тэр ч байтугай 2023 оны 1 дүгээр сард Ховд аймагт болсон Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганы Уул уурхайн сэдвээрх панел хэлэлцүүлгийн хөтлөгчөөр оролцсон “Парлемент” телевизийн тоймч Т.Болд гэх өвгөн уг хэлэлцүүлэг нь танхим дахь бусад оролцогчдын үг хэлэх эрхийг хязгаарласан дэгээр явагдсаныг нь далимдуулан, тайзан дээрээс “Та нар яах гээд Халзан бүрэгтэйн өрөмдлөгийг явуулахгүй байгаа юм. Баруун бүсийн аймгуудын болон сумдын удирдлагууд та нар муусайнууд ард иргэдийнхээ аяыг дагаад, уул уурхайг эсэргүүцээд байдаг хэн юм” гэх маягаар дүрэмдэж, загнаж дүвчигнэсэн нь инээдтэй. Энэ юунаас шалтгаалж байна гэдэгт уншигчид дүгнэлт хийнэ байх. Одоо “Халзан бүрэгтэй”-г тойрсон асуудал руугаа оръё.

Саяхан гуравдугаар сарын дундуур Халзан бүрэгтэйд, өрөмдлөг явуулсан хэсэг газраас холгүй нутагладаг малчны хотонд ургийн гажигтай ишиг төржээ. Нийтийн цахим сүлжээгээр гэрэл зураг, бичлэг нь түгээгдсэн тул олон нийт сайтар мэдэж байгаа. Амьдрах боломжгүй мөнөөх ишиг мэдээж гармагцаа эндсэн (эсвэл амьгүй төрсөн) бөгөөд сумын онцгой комиссоос томилогдсон нөхөд цогцсыг аймгийн мал эмнэлгийн лабораторт авч очиж, задлан хийж,  дээжийг нь Улсын мал эмнэлгийн төв лаборатор руу илгээсэн, шинжилгээний хариуг хүлээж буй. Мэргэжлийнхний ярьж байгаагаар малд ургийн гажиг үүсэх үүтгэл шалтгаан нь ердөө химийн бодис, хүнд метал, цацраг идэвхт бодисын хор хөнөөлөөс болдог, өөр шалтгаан байх боломжгүй. Гэтэл Дорноговийн Улаанбадрахад үүссэн мал, амьтны ийм гажиг, гамшигт үзэгдлүүдийг лабораторт шинжлээд “ураны нөлөөнөөс болоогүй” гэсэн илт гүтгэсэн хариу гаргасан асуудлууд байгаа гэцгээх нь “аймшигтай”.

Үүгээр зогссонгүй Халзан бүрэгтэйд, мөн өрөмдлөг хийсэн талбайн ойр нутаглаж буй бас нэг малчны шийр малын (хонь ямаа) үс ноос нь хар аяндаа зулгарч унах, тууралт, шарх гарах үзэгдэл хавтгайдаа шахуу илэрч, олноор үхэж үрэгдсэн, хүмүүсийнх нь биеэр “юм” туурсан тохиолдол гарав (Энэ нь 2013, 2014 онд Мянгад сумын төв дэх “Халзан бүрэгтэй”-н өрөмдлөгийн хүдрийг хураасан хашаа болон ойр орчмын хашааны айл өрхүүдэд түгээмэл тохиолдож байсантай адил үзэгдэл). Тухайн асуудлыг анхааралтай ажиглаж, судалгаа хийж буй бидний хувьд авч үзэхэд энэ нь 2022 оны 11 сард Үндэсний аюулгүй байдлаас томилогдон ажилласан ажлын хэсэг, үүний дотор Цөмийн энергийн комиссын ажлын албанаас хийсэн цацрагын хэмжилт, мөн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг амьдрал дээр бататгаж буй хэрэг !

Цөмийн энергийн комиссын ажлын албаны дүгнэлтээр бол “Халзан бүрэгтэй дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай болон түүний орчим газарт цацраг идэвхт бодисын илэрц, тунгийн чадал өндөр буюу мэргэжлийн нэр томъёогоор “чөлөөлөглэх хэмжээ”-нээс үлэмж хэтэрч байгаа учир цөмийн аюулаас хамгаалах арга хэмжээг өндөр түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Гэтэл “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК энэ талаар ямар ч ойлголтгүй байгаа нь уг төслийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэхээр байна” гэсэн байдаг. (дүгнэлт зөвлөмжийн гол утгыг базаж тоймлов-Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/877 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 11-ны 1/24 дугаар албан тоот, дүгнэлт). Энэхүү дүгнэлт зөвлөмжийг Ховдын толь сонины 2022 оны дугаар 15/339-д болон /www.mongolgarag.mn/. /www.newsmedia.mn/ цахим сайтуудад  бүрэн эхээр нь нийтэлсэн.

Гэтэл ! “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК болон зарим албаны нөхөд бүүр ажлын хэсгийн шалгалт, шинжилгээний дүгнэлт гарахаас өмнө, шалгаж шинжлэх ажил дөнгөж эхлэж байх үед “Халзан бүрэгтэйд хийгдэж буй уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчин, хүн, мал, амьтанд ямар ч сөрөг нөлөөгүй, хор хөнөөлгүй” хэмээн улайран сурталчлах болов. Аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга нь хүртэл ажлын хэсгийн саналыг үндэслэн, компаний үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох тухай Онцгой комиссын шийдвэр гарсан даруйд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм утгатай /гаргасан шийдвэрийнхээ эсрэг/ мэдээлэл хийсэн баримт бий.

Харьцангуй аюултай нөхцөл байдал буй гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан, ард иргэд тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг шийдвэртэй эсэргүүцэж байгаа зэргийн улмаас үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж аймгийн Онцгой комисс үзсээр байсан ч компани уг шийдвэрийг яаж ийгээд цуцлуулахын төлөө улайрав. Онцгой комиссын дарга буюу аймгийн Засаг даргад хэд хэдэн удаа хүсэлт гаргаад бүтээгүй тул Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг шийдэхдээ аймгийн Онцгой комиссын шийдвэрийг цуцлах тухай Захирамж гаргасан нь илт өрөөсгөл шийдвэр болсныг хэлэх хэрэгтэй.

Тодруулж авч үзье: Шүүхийн тухай хуулийн дагуу шүүгч нь хууль дээдлэх ёсыг сахихаас гадна хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах ёстой. Энэ дагуу юуны өмнө тухайн асуудалтай холбоотой үүссэн онцгой нөхцөл байдлыг, тухайлбал цөмийн аюулаас хамгаалах асуудлыг авч үзэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дүгнэлтийг судлах, нийтийн эрх ашгийн үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой талуудыг оролцуулах боломжийг хангах ёстой байсан атал шүүгч зөвхөн Онцгой комиссын нарийн бичгийн даргын (итгэмжлэгдсэн төлөөлөгч) үгээр шийдвэр гаргасан.

Уг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь (аймгийн ОКНБД Б.Алтанбадралт) өргөсөн тангаргаасаа няцаж, мэргэжлийн байгууллагуудын мэргэжлийн дүгнэлтийг илт гүтгэн, шүүхэд “Үндэсний аюулгүй байдлын шинжилгээний багийн дүгнэлт нь “… хүн, мал, амьтны амьдрах орчинд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн шийдвэр гарсан тул шуурхай арга хэмжээ авах тухай аймгийн Онцгой комиссын тогтоолыг хүчингүй болгохоо илэрхийлж байна” хэмээн мэдүүлжээ. Тэгээд шүүгч зөвхөн энэ мэдүүлэгт дулдуйдаж шийдвэр гаргасан нь туйлын харамсалтай.

Зүй нь дээр үгүүлсэнчилэн нийтийн эрх ашигт илт харшилсан, болзошгүй аюул дагуулах эрсдэл бүхий нөхцөл байдлыг харгалзан, аймгийн онцгой комисс МНРИК ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс шууд татгалзах учиртай. Гэтэл Онцгой комиссын дарга Э.Болормаа 2023 оны 2 дугаар сарын 3-ны 5 дугаартай “итгэмжлэл олгох тухай” албан бичгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг Б.Алтанбадралтад олгожээ.  Хоёрт гэвэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх нөхцөл байдлын улмаас сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь аймгийн Онцгой комисст нээлттэй байсан ч энэ боломжоо ашиглахыг хүсээгүй байна. Гуравт: ЗХШХШТ хуулийн 62.1.1-д заасны дагуу аймгийн онцгой комиссын шийдвэр нь шүүхээс түдгэлзүүлж болохгүй захиргааны актад хамаарахаар байв. Гэтэл шүүгч түүнийг цуцлах шийдвэр гаргажээ. Эдгээрээс харахад ажил хариуцсан эрхэмүүд болон шүүгчийн аль алиных нь хувьд маш хариуцлагагүй үйл байдал ажиглагдана.

Түүнчлэн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК Мянгад сумын ЗДТГ-аас 180.692.2 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ “Мянгад сумын Засаг дарга уг компаний хайгуул өрөмдлөгийн ажлын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг баталж өгөх АМТ хуулинд заасан үүргээ биелүүлээгүй тул, манай компаниас нэхэгдэж буй туслан гүйцэтгэгч компаниудын сул зогсолтын хохирлыг хариуцах ёстой” гэжээ. Гэвч компани дээр үгүүлэгдсэн нийтийн эрх ашигт учраад буй болзошгүй аюул, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг анхаарч үзэхийг, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг биелүүлэхийг хүсэхгүй байгаагийн дээр, уг менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангахгүй, өмнөх менежментийн төлөвлөгөө нь дүгнэгдээгүй зэргийг ч зориудаар мартсан бололтой. 2022 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, менежментийн төлөвлөгөө нь журам зөрчиж батлагдсан, боловсруулалтын шаардлага хангаагүй тухай Мянгад  сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн болон хөндлөнгийн хяналт тавьсан төрийн бус байгууллагуудын дүгнэлт бий. Эдгээр асуудлын улмаас, түүнчлэн аюул хөнөөлөөс, сэргийлэн хамгаалах, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх үүднээс Мянгад сумын Засаг дарга нь “МНРИК” ХХК-ний БОХНС менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх хуулиар олгогдсон эрхтэй гэдгийг компани ойлгох ёстой байх.

Сул зогсолтын хохирол нэхэмжлэх гэдгийн тухайд уг компани өөрөө анхнаасаа эрсдлээ сайтар тооцож, ултай судлалгүйгээр гүйцэтгэгч компаниудтай гэрээ хийсний хариуцлагаа өөрөө үүрэхээс бус орон нутгийн Засаг захиргаагаар үүрүүлнэ гээд муйхарлаад байж болохгүй!

Үүгээр ч зогсохгүй уг компани 2022 оны 10, 11 сард Үндэсний аюулгүй байдлын ажлын хэсэг ирж ажиллахаас өмнө компаний үйл ажиллагааг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийн хөдөлгөөний оролцогч нэр бүхий 2 иргэнээс эхлээд 80 гаруй сая, улмаар нэмэгдүүлэн 155 сая төгрөгийг нэхэмжилж иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийг нь уншиж үзвэл уг хоёрын иргэнийг илтэд гүтгэсэн үг үгүүлбэрүүд ч байгаа юм. Яаж ч бодсон өргөн олон нийтээр өрнүүлсэн эсэргүүцлийн үйл ажиллагаанд ганц хоёр хүнийг буруутган шүүхээр далайлгаж, дааж давшгүй мөнгө нэхэмжлэх нь хэтэрхий увайгүй, тэрчлэн хүний эрхийг илтээр зөрчсөн асуудал юм. Ийнхүү “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний хувьд чухам л “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчийг үзүүлж байна. Шүүх үүнийг ултай авч үзэж, нөхцөл байдлыг судлан, нийтийн эрх ашгийг хамгаалах, хууль дээдлэх эрхэм зорилгоо чандлан сахих учиртай. “Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг цуцлуулах тухай” Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-ны нэхэмжлэлийг шийдсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгчийн арга барилын тухайд, тэрчлэн аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн даргын өгсөн мэдүүлгийн тухайд бол байж болмооргүй зүйлс ажиглагдаж байгаа. Энэчлэн, хэрвээ бусад хэргийг дээрхийн үлгэрээр шийдэх юм бол  шүүх засаглалд гамшиг нүүрлэж буйгийн илрэл болно гэдгийг онцлон сануулах нь зүй гэж үзнэ.

Г.ТӨРМӨНХ

 

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.