О.Чулуун: МАНЛАЙЛЖ ХӨГЖИХ ЁСТОЙ САЛБАР БОЛ ГЕОЛОГИ

2023-03-27 Байгаль орчин

 

Үндэсний Геологийн Албаны дарга О.Чулуунтай ярилцлаа.

-Сүүлийн хориод жилд Монголын геологийн салбар төрийн бодлогоос орхигдож ирсэн гэвэл буруудахгүй байх. Та мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Геологийн салбарын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, гарц шийдлээ ярилцахаар Монголын Геологийн Нэгдсэн Зөвлөл улсын зөвлөгөөн зохион байгуулах болсонд юуны өмнө талархал илэрхийлье. Мэргэжлийн геологичдын дунд салбараа зөвөөр ойлгох асуудал дахин гарч ирж байна. Геологи бол бүхэлдээ газрын хэвлийг судалдаг шинжлэх ухаан болон үйлдвэрлэл хосолсон салбар.

Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөн өнөөдрийг хүртэлх хугацаанд алдаа, оноо цөөнгүй байж ирсэн. Нийгмээрээ зах зээлийн шинэ харилцаанд шилжсэн ороо бусгаа энэ цаг үед геологийн салбараа зөв бодлогоор чиглүүлэх нь том асуудал мэдээж мөн.

Хэдхэн геологичийн биш, Монгол төрийн бодлого байх учиртай салбар. Геологичид газрын гадаргуу, хэвлийн судалгаа хий гээд нэг хэсгийнх нь эрдэс баялгийг хэмжээг тодорхойлж, үр дүнд нь хайгуулын ажилд шилжин уурхай болохыг зарим хүмүүс геологи гэж ерөнхий байдлаар ойлгоод байх шиг байна. Газрын хэвлийтэй холбоотой бүх мэдээлэл Монгол Улсын өмч. Аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, боловсролын гээд олон салбарыг манлайлж хөгжих учиртай салбар бол геологи юм. Тэр утгаараа монголчууд бүгдээрээ геологийн салбараа ойлгодог байх хэрэгтэй байна. Таны түрүүн хэлдэгчлэн сүүлийн хориод жилд геологийн салбар маань уул уурхай болон бусад салбарт дарагдсан. Үе үеийн Засгийн газар ашигт малтмалын нөөцийг өсгөнө гэх мэтээр геологийн асуудлыг ердөө хоёр гуравхан өгүүлбэрээр мөрийн хөтөлбөртөө багтааж ирсэн байдаг. Ийм бөөрөнхий, тодорхой бус бодлогоор геологийн салбарын хөгжлийг тодорхойлно гэвэл өрөөсгөл.

-Геологийн салбарт төр анхаарлаа хандуулах, хөгжүүлэх зорилгоор Үндэсний Геологийн Албыг байгуулсан. Амжуулж гүйцэтгэсэн ямар ажлууд байна вэ?

-Үндэсний Геологийн Алба (ҮГА) байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Төр засгаас гаргасан геологийн бодлогыг хэрэгжүүлэх гол байгууллага нь ҮГА. Байгуулагдсанаасаа хойш Монгол Улсын газрын хэвлийтэй холбогдолтой бий болсон мэдээллүүдийг боловсруулах, тэдгээрийг тоон хэлбэрт шилжүүлж мега дата үүсгэхэд гол анхаарлаа хандуулж байна.

-Газрын хэвлийн тухай хуульд “газрын хэвлийн мэдээлэл нэгдмэл байх ёстой” гэсэн суурь үзэл баримтлал бий. Энэ үзэл баримтлалтай ҮГА-ны үйл ажиллагаа хэр нийцэж байгаа вэ?

-Энэ үзэл баримтлалд нийцсэн үйл ажиллагааг ҮГА явуулдаг. Үүнтэй уялдуулан Геологийн фондыг манай байгууллагад төвлөрүүлж байгаа. Олон талт геологийн судалгааны ажлуудыг ҮГА хэрэгжүүлж байна. Зөвхөн эрдэс баялагт биш, Монгол улсын нийт нутаг дэвсгэр дэх суурь элементүүдийн тархалт, хаана хор хохиролтой түвшинд хуримтлагдав, хүний нөлөөллөөр бохирдож байна уу гээд олон талт судалгааг манай байгууллага хийдэг. Түүнчлэн ҮГА газрын хэвлийн геологийн зураглалыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

-1:200 000-ны масштабтай улсын геологийн зураглалыг иж бүрнээр шинэчлэх ажил арваад жил үргэлжилж байна. Дуусах дөхөж байна уу?

-Ерөнхийдөө дуусч байна. Үүний зэрэгцээ байгаль экологитой холбоотой судалгааны ажлууд, газар хөдлөлт гэх зэргээр байгалийн болзошгүй үзэгдлүүдийн суурь судалгааг геологи л хийж гүйцэтгэж байна.

-Геологийн салбарын үйл ажиллагаа Засгийн газрын харьяа агентлаг, газар хэлтсүүдээр дамжин салангид байдлаар хэрэгжиж байгаа нь ажиглагддаг. Энэ нь салбарын нэгдмэл үйл ажиллагааг алдагдуулж байна, тийм үү?

-Тийм ээ. Тухайлбал, усны асуудал байна. Иргэд усыг зөвхөн хэрэглээ талаас нь л хараад байгаа болохоос биш, усны нийт боломжит сав газрын үнэлгээ, нөөцийг харж хийгдэж байгаа зүйл алга. Усны газар гэхэд усны хэрэглээ тал дээр л харж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын хувьд геологичдын судалсан эрдэс баялгийг уул уурхай руу шилжүүлэхтэй холбоотой, түүний өмнөх үе шатны ажил болох хайгуулын ажлыг хариуцаж байна. Цөмийн энергийн комисс мөн уран, цацраг идэвхит бодистой холбоотой ажлуудыг зохицуулах жишээтэй. Энэ бүгд геологийн ажил шүү дээ.

-Таны үзэж байгаагаар геологийн салбарт тодорхой, үе шаттайгаар хэрэгжүүлэх шийдэл механизм бүхий бодлого гарах ёстой гэж ойлгогдлоо. Бодлого хэдий чинээ урт хугацааных байна, хэрэгжүүлэх механизм нь тэр хэмжээгээр хууль эрх зүйн орчиндоо тусаад явах шаардлагатай болох байх?

-Аль нэг хэсэг бүлэг хүн, эсвэл гаднын хөрөнгө оруулагчид ч юм уу хуулиа ингэж өөрчлөөч гээд байх юм бол геологийн салбар тогтвортой урагшлахгүй, хөгжихгүй. Геологийн салбарыг зохицуулж байгаа хууль гэж ярьвал өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд байдаг дөрөвхөн өгүүлбэр л байна. Уг нь бол Монгол Улсын геологийн бодлого Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулагдаж байх учиртай. Газрын хэвлийтэй холбогдолгүй геологийн судалгаа гэж байхгүй.

-Шинэчлэн найруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд геологийн салбарын зохицуулалтууд хэр тусгагдаж байна вэ?

-Геологийн салбарт чиглэсэн дорвитой хууль гарч ирнэ гэж миний хувьд харахгүй байна. Ашигт малтмалыг эрж хайх, олборлох, боловсруулах, нэг үгээр хэрэглээ талын хууль байх болов уу. Геологи бол тусдаа салбар. Ашигт малтмалтай уялдуулж авч үзвэл, хайгуул хийх, олборлох бүх эрдэс баялгийн үнэлгээ чадавхийг тодорхойлж байгаа салбар бол геологи юм.

Хайгуул нь тодорхой хэмжээний га талбайд аль нэг сонирхсон хуулийн этгээд өөрийн сонирхлын дагуу ашиг олж, бизнес хийх зорилгоор хийж буй ажил. Хайгуул хийхийн тулд мэдээж геологийн судалгаа хийнэ, гэтэл үүнийг бүхэлд нь геологи гэж ойлгоод байвал буруу. ҮГА байгуулагдахад геологийн салбар хуваагдлаа гэж ярьж байсан хүмүүс бий. Хоёр гурав салдаг геологи гэж юу байх билээ. Тиймээс ҮГА нь геологио, Ашигт малтмал, газрын тосны газар нь эрдэс баялгийн ашиглалт талдаа хандсан үйл ажиллагаа явуулах нь зүйд нийцнэ.

Эх сурвалж: “Эрдэс баялгийн тойм” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.