Замын-Үүд-Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудлыг техникийн хувьд шийдлээ

2023-02-3 Мэдээ, мэдээлэл

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-нд Хөх хотын төмөр замын дарга Дай Хунтай цахимаар уулзаж, Эрээн өртөөг өргөтгөх, Эрээн-Жинин хоорондын замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажлыг тохирч, Замын-Үүд-Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудлыг техникийн хувьд шийдсэн юм.

Тэгвэл Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал энэ сарын 1-ний өдөр БНХАУ-ын төмөр замын газрын дарга Фэй Дунбинтэй уулзахдаа хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, хоёр талын төмөр замын хамтын ажиллагаа, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Бадрал хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд төмөр замын ачаа тээврийн хүчин чадал чухал үүрэгтэйг онцлоод цаашид төмөр замын боомт шинээр нээх шаардлагатайг тэмдэглэн хэлэв. Үүнээс гадна хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр тохиролцсон хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх ажлыг түргэтгэх, холбогдох боомтуудыг төмөр замаар холбох асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Хятадын төмөр замын газрын дарга Фэй Дунбин төмөр замын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, төмөр замын боомтын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, холбогдох баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.

Ташрамд дурдахад, Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөн энэ сарын 6, 7-нд болох бөгөөд зөвлөгөөнөөр Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск өртөөгөөр тээвэрлэх экспорт, импортын ачааны хэмжээгээ тохирч, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.