Дэд сайдын дуудлага худалдаа

2017-06-14 Ертөнц

Украины хамгийн залуу сайд Анастасия Деевагийн санаачилга иргэдийн дунд дахин нэг маргаан дэгдээжээ. 24-хэн насандаа Дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон загвар өмсөгч бүсгүй хүүхдийн эмнэлэгт амьсгалын аппарат авч өгөхийн тулд өөртэй нь өглөөний цай уух хүсэлтэй хүмүүсийг үнэ хаялцуулахыг уриалсан байна. Тэрээр ProZorro.sale хэмээх интернэт худалдааны сайтад энэ тухай зараа тавьжээ. Дэд сайд бүсгүйтэй өглөөний цай уух хүсэлтэй хүмүүс 3,80 доллараас эхлэн үнэ хаялцуулах бөгөөд энэ сарын 28 хүртэл хамгийн өндөр үнэ хэлсэн хүнтэй нэг сарын дотор өглөөний болзоо тогтоох аж. Хэдийгээр сайд бүсгүйн санаачилга хүүхдүүдэд туслах гэсэн буяны үйлс боловч олон нийт үүнийг таатай хүлээж авсангүй.

Анхнаасаа шалгуур хангахгүй, ажлын туршлагагүй залуу бүсгүйг дэд сайдаар томиллоо хэмээн Анастасия Деева томоохон шүүмжлэл маргаан дагуулж, олны дургүйцлийг төрүүлж байсан. Энэ удаа тэр өөртэйгөө уулзах боломжийг мөнгөн дүнгээр үнэлсэн явдал нь түүнийг гоочлох гэсэн хүмүүст бүр ч сайхан шалтаг болж, “Зөвхөн өглөөний цай уугаад л болоо юу” гэх мэтээр сошиал сүлжээнд бичиж байна.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.