2022-2023 оны өвөл дэлхий даяар томуугийн өвчлөлийн давлагаа үүсэх эрсдэл үүссэнийг олон улсын судлаачид анхааруулж байна.
Цар тахлын дараагаар томуугийн тандалт, сэргийлэлтийг шинэ түвшинд гаргахаар “Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөн”-ийг “Томуу, коронавируст халдварын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх, тоон мэдээний чанарыг сайжруулах” зорилгын хүрээнд энэ сарын 12-14-нд зохион байгуулж байна.
Түүнчлэн өвчлөлийн өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, цаашид баримтлах стратеги, улирлын томуу, томуугийн хүндрэлийн үнэлгээний дүнд үндэслэн шийдвэр гаргах чадавхыг сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.
Томуугийн улирлыг угтуулан 2019-2021 онд томуугийн эсрэг 649560 тун вакциныг бага насны хүүхэд, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид, жирэмсэн болон 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн амыг дархлаажуулалтад хамруулж байсан.
Тэгвэл энэ жил 545000 тун вакциныг захиалж, вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн сэргийлэлт ба тандалтыг ДЭМБ шинэ зөвлөмжийн дагуу хийхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан юм.
Иймээс томуугийн дэгдэлтийн үед нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургамж бусад салбарын хамтын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах, цар тахлын алдаа оноог томуутай тэмцэхэд ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж байна.