ГЕГ: 2013-2017 онд гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон

2022-12-21 Байгаль орчин


Нүүрсний хулгайн асуудалд ГЕГ-ын дэд дарга Д.Энхтайван сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариуллаа.

-Их хэмжээний нүүрс алдагдаад байхад гаалийн байгууллага мэдэхгүй байна гэдэг асуудал яригдлаа?

-2010-2011 оны хооронд 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийг бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Харин 2013-2017 онд нүүрс тээвэрлэгч 86 ААН-ийн 2527 тээврийн хэрэгсэл улсын хилээр гарсан бүртгэлтэй. Тавантолгой ХК экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоо хэмжээ тус компанитай нүүрс худалдах гэрээ байгуулсан 21 ААН гэрээнд заасан тоо хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон. Энэ нь гэрээнд тусгагдаснаас 1 сая тонн нүүрс илүү тээвэрлэсэн гэсэн үг. 12 ААН эх үүсвэр тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлыг шалгуулахаар ЦЕГ руу 2018 онд шилжүүлсэн байдаг. Гаалийн байгууллага гэрээний хяналт хийж, гэрээнд тусгагдсан нүүрс улсын хилээр гарч байгаа эсэхийг хянах учиртай. Гэтэл гэрээгүй нүүрс гаргасан асуудал байгаа юм.

-Их хэмжээний нүүрс бүртгэлгүй гарсанд гаалийн байгууллага хариуцлага хүлээх учиртай. Удирдлагуудын өгсөн чиглэлийн дагуу машин гарч, орсон байгаа?

-Цахим бүрдүүлэлт дутуу байснаас болж байна гэсэн үг. Алба хаагчид дутуу дулимаг ажил хийсэн байна гэдгийг олж илрүүлээд, хуулийн байгууллагад хүргүүлсэн гэсэн үг.

-2013 онд хуулийн байгууллага руу шилжүүлээд байхад одоо хүртэл шийдэгдээгүй юм уу?

-Шийдэгдээгүй, хариу ирээгүй байна.

-Машин хоосон гаргаж, хулгай гарсан гэдэг асуудал яригдаад байна?

-Нүүрстэй тээвэр гарч байхад нүүрсгүй гарсан гэж тэмдэглэсэн тохиолдол байна. Үүнийг хил, гааль тэмдэглэж, тоо нь таарч байх ёстой. Хил дээр байгууллагууд ажиллаж байгаа. Манайхаас хоосон гарсан машиныг БНХАУ-ын тал хэрхэн бүртгэснийг зэрэгцүүлэлт хийдэг. Үүнийг хийх ажлын хэсэг ажиллаж байна. Шалгаад ирэхээр асуудал тодорхой болж, хэн буруутай нь мэдэгдэнэ. Ер нь бол зэрэгцүүлэлт зөрсөн нь илэрсэн. Энэ хүрээнд тодорхой баримт гаргаад, хариуцлагын асуудал яригдана.

-Хэчнээн хүнийг шалгаж байгаа вэ?

-Одоогийн байдлаар манай байгууллагаас хоёр албан хаагчийг шалгаж байгаа юм билээ. Нэг нь Гашуунсухайт дээр ажиллаж байсан улсын ахлах байцаагч.

-Хэдэн удаа шалгалт хийсэн бэ?

-Гурван удаагийн шалгалт хийсэн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.