Шведэд сайн аавуудыг хэрхэн бэлддэг вэ

2018-10-1 Ертөнц

Шведийн төр улсынхаа эрчүүдийг сайн хань нөхөр, сайн аав байлгах гэж бодлогоор дэмжиж буйг гэрэл зурагчин Жохан Бовман гэрэл зургаар харуулжээ. Тэрбээр нялх хүүхдээ харахаар гэртээ сууж буй аавуудыг, тэдний нэг өдөр яажшуухан өнгөрдгийг  гэрэл зургийн хальснаа буулгасан байна.

Жохан Бовман өөрөө саяхан аав болж, хэсэг хугацаанд хүүхдээ харсан бөгөөд улсаас  аавуудад олгодог тусгай чөлөөг Швед эрчүүд хэрхэн ашигладгийг сонирхож үзжээ.  Хэдийгээр Швед энэ тал дээр бодлого сайтай ч эмэгтэйчүүд хүүхдээ хардаг уламжлал одоо хүртэл амь бөхтэй оршсоор байгааг тоо баримт харуулж байна.

Тус улсад шинэ хүнтэй болсон гэр бүлд нийтдээ 480 хоногийн чөлөө албан ёсоор олгодгоос 390 хоногт нь цалингийнхаа 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж улсаас авдаг аж. Энэ нь сардаа дээд тал нь 3160 евро  болдог аж. Харин үлдсэн 90 хоногт нь өдрийн 20 евро буюу 22 ам.доллараар тооцож  тэтгэмж өгдөг юм байна.

Эцэг эхчүүдэд олгосон энэ чөлөөг эхнэр нөхөр хоёрт ижил тэнцүү эдлүүлэх үүднээс 480 хоногийн 60-ыг нь “аавуудын сар” хэмээн  тусгайлан оноож, хэрэв эцгүүд аавын үүргээ биелүүлж чадаагүй бол тус гэр бүлд олгох 480 хоногийн чөлөөг 420 болгон бууруулах арга хэмжээ авдаг гэнэ. Үүнээс гадна “Хүйсийн тэгш байдлын бонус” гэдэг зүйл ч Шведэд үйлчилдэг бөгөөд хүүхэд харах хоногоо эцэг эх тэнцүү хувааж авсан тохиолдолд 1500 хүртэл еврогийн нэмэлт тэтгэмж авах эрхтэй болдог. Гэхдээ бодит байдал дээр энэ бонусыг ашигладаг гэр бүл ховор. Бүх гэр бүлийн 12 хувь нь л эцэг эхийн хоногоо тэнцүү хувааж авдаг аж.

Шведийн хүн ам, гэр бүлд чиглэсэн энэ бодлого бол супер аавуудыг бэлтгэх гэсэн хэрэг биш, ердөө л эрчүүд гэртээ сууж, хүүхдээ харж асрах хугацаандаа эхнэрүүд, бас ээжүүдийгээ илүү ойлгодог, бас амьдрал, гэр бүлийнхээ талаар илүү нухацтай боддог болгоход чиглэсэн юм гэдгийг гэрэл зурагчин Жохан Бовман CNN-д ярьжээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.