Трамп жуулчдыг үргээж байна

2017-06-13 Ертөнц

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эх орондоо ажлын байр нэмэгдүүлэхэд гол анхаарлаа тавина гэж амладаг ч түүний бодлогоос улбаалан 4000 гаруй хүн ажилгүй болоход ойрхон байна.

Ерөнхийлөгч Трампын бодлого, шийдвэрүүд АНУ-ын дэлхийн тавцан дахь нэр хүндийг унагаж байгаагаас тус улсыг зорих жуулчдын тоо энэ жил мэдэгдэхүйц багасч буйг аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Жуулчдын хамгийн ихээр зорьдог өндөр хөгжилтэй орнуудаас ганцхан АНУ-ын энэ зуны нислэгийн захиалга буурсан нь үүний илрэл юм. Д.Трамп ажлаа авмагцаа муслим шашинт долоон орны иргэдийг Америкт зорчихыг хориглосон. Хэдий энэ хоригийг холбооны шүүхээс зогсоосон ч Америк нээлттэй орон гэсэн уламжлалт дүр төрхийг нь өөрчилж эхэлсэн. Саяхан Трамп дэлхий нийтээр гарын үсэг зурсан дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын тунхагаас буцсан нь АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, жуулчдын очихыг хүсдэг эрх чөлөөний орон биш болжээ гэсэн сэтгэгдэл төрүүлэх болсон юм.

Дэлхийн бизнес аяллын холбооны гаргасан тооцоо судалгаагаар АНУ-ын зочид буудал, түрээсийн машин, хүнсний үйлчилгээ зэрэг аялал жуулчлалын салбарыг дагасан үйлчилгээний салбар 2017 онд 1,3 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байна. Үүнийг ажлын байраар тооцвол 4200 хүн ажлын байргүй болно гэсэн үг аж.  Аялал жуулчлалын оргил үе болох зуны гурван сард нислэг захиалгын тоо өсдөг бол энэ жил эсрэгээр 3,5 хувиар буурсан гэж мэдээлж байна. Ялангуяа Трамп муслим орнуудын хоригийг зарласны дараа тийз захиалга илт буурсан байна.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.