Эрүүл Мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар болон Норвегийн яаралтай тусламжийн баг ажиллаж байна. Тус баг нь 3 хоногийн сургалтыг эмнэлгийн яаралтай тусламжийн баг байгуулах стратеги төлөвлөлтийн чиглэлээр хийсэн билээ.Энэхүү багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед өөрийн улсад төдийгүй гадаадын бусад улсад илгээн ажиллуулах хэмжээнд бэлтгэх зорилготой бөгөөд Монгол улсыг ДЭМБ дэмжлэгээр яаралтай тусламжийн баг байгуулах эхний 5 улсын жагсаалтад оруулсанаа энэхүү сургалтын үед мэдээллээ. Энэхбүү баг нь эрүүл мэндийн салбарын эмч нараас гадна ОБЕГ аврагч нараас бүрдсэн холимог байг байх юм. Сургалтын явцад багийн нэрийг сургалтад оролцогчид ба сургагч багш нар ярилцан монголоор ГЭР буюу англиар GER ( Global Emergency Response ) англи үгийн товчлол байхаар шийдсэн байна.
Манай улсын хувьд ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын эмч нарыг энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлага, цаашид сургагч багш нар болон ахих боломжтой, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун километр хол газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн НДББ-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулах, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх давуу талтай гэж үзэж байгаа юм. Энэхүү сургалтын үед сургалтад оролцсон манай эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа сургагч багш нар хэлж байлаа.Өнөөдөр олон улсын яаралтай тусламжийн багуудын үүсэл, чиг хандлага, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажилладаг журам, дайчлан ажиллах төлөвлөгөө, багийн үйл ажиллагааны стандартууд, ложистик зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү сургалтад мөн ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, Гэмтэл Согогийн Үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон лавлагаа шатны эмнэлгийн удирдлагууд болон яаралтай тусламжийн эмч нар оролцлоо. Мөн 10 сарын эхээр Армян улсад болох ДЭМБ яаралтай тусламжийн глобаль уулзалтад Монголоос 3 хүн оролцохоор боллоо. Энэхүү уулзалтаар улс орнуудын гамшиг ниймийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн чадавхийг сайжруулах асуудлыг хэлэлцэх юм.