Аймгуудад 255.9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө

2022-10-14 Мэдээ мэдээлэл
Өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд 21 аймаг, зарим сумдад нийт 255.9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Анузаяа, АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн үүрэг гүйцэтгэгч Стийв Винкетс болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн салбарын бодлого, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор байнгын дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын байгууллагууд тэр дундаа ДЭМБ-д талархал илэрхийлье.

Өнөөдөр 21 аймаг, зарим сумдад тоног, төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болж байна. Үүн дотроо эх хүүхдийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн үйл ажиллагаа явуулдаг бүсийн эмнэлгүүд болох Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр нь 36,9 сая төгрөгийн өртөг бүхий 15 ширхэг нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэж өглөө. Ингэснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт дахь Эх хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж харж байна.
Мөн сүүлийн 10 жилийн дунджаар 16,5 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс осол, гэмтэл, гадны шалтгаант нас баралт 16,9 хувийг эзэлж, түүний 23,6 хувь нь зам тээврийн осол эзэлж байна. Иймээс осол их гардаг хар цэгүүд буюу яаралтай тусламжийн жишиг цэгүүдэд нийт 156,4 сая төгрөгийн өртөгтэй 20 ширхэг иж бүрдлийг гардууллаа. Энэ нь осолд өртсөн иргэдийн амь насыг шуурхай аврах, газар дээр нь үзүүлэх тусламжийн чанарт сайнаар нөлөөлнө” гэдгийг онцоллоо.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжид пульсоксиметр, яаралтай тусламжийн тэргэнцэр, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хяналтын монитор, зэрэг 14 тоног, төхөөрөмж багтжээ.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.