Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Салбарын бүх мэдээллийг ил болгоно

2022-04-29 Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар “100 хоногийн ажлын тайлан”-гаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлангийн арга хэмжээнд байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нар болон мэргэжилтнүүд оролцож, иргэд, олон нийтийн сонирхсон асуултад нээлттэй мэдээлэл өгсөн юм.

Салбар яамнаас олгодог 19 тусгай зөвшөөрлийг платформын тусламжтайгаар хянах боломж бүрджээ

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гурван удирдлага томилогдоод 100 хоногийн хугацаанд 21 аймгаар тойрч, тус яамнаас олгодог 19 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулсан гээд багагүй ажил амжуулжээ.

Тодруулбал, иргэд, аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэлтээс эхлээд бүхий л шат дамжлагыг тус платформын тусламжтайгаар хянах боломж бүрдсэн байна. Уг танилцуулгаар 100 хоногийн ажлын тайлангийн арга хэмжээ эхлэв. Цаашид тусгай зөвшөөрлийг QR кодоор олгохоор ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасан дээр заавал хэвлэдэг уламжлалт аргыг халж буй юм. Ингэснээр аймаг, орон нутаг, нийслэлээс тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээсэн иргэд заавал яамны байран дээр ирж үнэт цаасан дээр хэвлэгдсэн зөвшөөрөл авах шаардлагагүй болох аж.

Гадаадын жуулчдыг хэрхэн татах вэ

Эхний ээлжинд аялал жуулчлалын бодлого, стратеги, жуулчин хүлээж авах нэгдсэн зохион байгуулалт, бодлого, хэрэгжилтийг тодорхой болгож, холбогдох арга хэмжээг аваад эхэлжээ. Учир нь дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруй хугацаанд манай улсын аялал жуулчлалын салбар “тэг” зогсолт хийж, уналтад орсон. Тиймээс тус салбарыг Монголын эдийн засгийн гол тулгуур болгож сэргээхэд анхааран ажиллаж, энэ хүрээнд БНСУ, Япон гэхчлэн Зүүн өмнөд Азийн улсуудаас жуулчин авах бэлтгэлээ базааж эхэлжээ.

Жишээ нь БНСУ-ын Элчин сайдаас болон тухайн аялал жуулчлалын компаниудаас ирсэн хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулж, Засгийн газраас тэмдэглэл гаргасан байна. Үүнд, тус улсын жуулчдыг эх орондоо визгүй зорчуулах тухай хөндөгдөж буй. Эл хүрээнд салбарын сайд ирэх долоо хоногт тус улсад ажиллахаар зэхэж байгаа аж.

Мөн энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын 2022.04.06-ны өдрийн хуралдаанаас 2023 оны аялал жуулчлалын жил болгон зарлаж байгаа. Марктинг сурталчилгааны чиглэлээр визийн болон эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр алхмууд хийж байна. Үүнтэй зэрэгцэн энэ жилийн бүх төсөл хөтөлбөрүүдэд аялал жуулчлалын холбоо буюу мэргэжлийн байгууллагуудынх оролцоог хангах байр суурь баримталж байна. Ний нуугүй хэлэхэд, Монголыг гадаадад сурталчлах нэгдсэн цахим платформ ч алга. Монголыг google-ээс хайхаар гарч ирэх мэдээлэл тун хомс. Иймээс цахим платформыг олон улсад нэг бодлогоор, нэг системээр хөгжүүлэх. Үүнд аж ахуйн нэгжүүдээ бүгдийг нь оруулах юм. Энэ ажил удахгүй дуусна. Цахим платформ 6 улсын хил дээр гарна. Визээ авмагц бүртгэлтэй мэйл хаягаар нь Ерөнхий сайдын мэндчилгээ очдог, аялаад буцахад нь БОАЖЯ-наас талархсан мэдээлэл явуулах хэлбэрээр хийж байгаа” гэдгийг тодотгов.

Харин тус салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын тухайд хэдийгээр улс орны эдийн засаг таагүй, хэмнэлтийн горимд шилжсэн ч идэвхтэй явагдаж байгааг салбарын сайд онцлов.

Тэрбээр “Азийн хөгжлийн банктай БОАЖЯ хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хэнтий болон Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. Хэдийгээр улс орны санхүү, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа боловч экспортын орлого бүрдүүлдэг салбарууддаа хөрөнгө оруулалтыг зогсоож болохгүй гэсэн бодлогын хүрээнд ажиллаж байгаа. Хөвсгөлийн Хатгал, Хэнтийн Дадалд хатуу болон шингэн хаягдлын цэвэрлэх байгууламж, хатуу хучилттай авто зам, мэдээллийн төв, түр буудаллах цэгүүдийг барьж байна. Аялал жуулчлалын салбар ганц төсөв, хөтөлбөрөөс гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгддэг олон ажил бий. Мөн УИХ-ын түвшинд дараагийн шатны зээлийн хэлэлцээрийг өргөн мэдүүлсэн. Дэмжигдвэл Баруун болон Хангайн бүсийн аймгуудад дараагийн төслүүд, аялал жуулчлалын томоохон хөрөнгө оруулалт хийгдэнэ” гэлээ.

Түүнчлэн яамны зүгээс тус салбарын бизнес эрхлэгчдэд тодорхой боломжуудыг ч нээн өгч байна. Тухайлбал, аялал жуулчлалын баазуудын зөвшөөрлийг шууд сунгаж өгч байгаа аж. Нөгөө талдаа тодорхой төлбөрийн хураамжтай холбоотой асуудлыг гэрээ хийх байдлаар хойшлуулах, ямар ч байсан энэ ондоо жуулчнаа авчих. Ирэх намраас эргэн төлөлтийн асуудлаа графикийн хэлбэрт оруулаад төлөөд явья гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.

Салбар яамнаас дотоодын жуулчдаа ч нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна

Монгол орноороо аялах хүсэлтэй хэн бүхний ая тухыг хангаж, 17 байршилд улсын төсвөөр түр отоглох цэг байгуулж эхэлжээ. Мөн дотоодын жуулчдынхаа аялах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс мэдээлэл холбооны сүлжээг технилогийн компаниудтай хамтран тусгай хамгаалалтын газруудад сүлжээний өргөтгөл хийх ажлыг эхлүүлээд буй. Энэ нь нэг талаас жуулчны ая тух, нөгөө талаас аюулгүй байдалтай холбоотой аж. Одоогийн байдлаар алслагдсан бүс нутаг, тусгай хамгаалалтай газруудад утасны сүлжээ, интернеттэй холбох тал дээр үүрэн телефоны компаниудтай гэрээ байгуулжээ.

Энэ үеэр салбарын сайд “Ер нь 2022-2023 онд Монгол Улс хичнээн жуулчин авах боломжтой тоог зарлана гэж бодож байгаа. Ингэж ил зарласнаар тухайн жуулчны байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулж, бэлтгэлээ базаах ёстой” гэсэн юм.

Мөн хувийн хэвшлүүдийн зүгээс Горхи, Тэрэлж дагуу 9 газарт отоглох цэг байгуулах санал ирүүлсэн байна. Харин эл асуудалд салбар яамнаас эхний ээлжинд нэг газарт жишиг  байдлаар отоглох цэг байгуулах санал тавьжээ. Ингэснээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг эхлүүлж, энэхүү саналыг ажил хэрэг болгохоор зорьж буй. Мөн салбар яамнаас Олон улсын байгаль хамгаалах сан (ICCF)-гийнхантай уулзсан байна. Уулзалтаар Олон улсын байгаль хамгаалах сантай дархан цаазат газрыг хамгаалах, үндэсний жишиг парк байгуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьжээ. Зүй нь Богдхан уул, Цэцээ гүн рүү гарах 3 хэсэг бий. Үүнд, Зайсангийн ам, Төрхурахын ам, Манчир. Тиймээс иргэдийг Зайсангийн бүс хэсэгт 1.8 мянган га талбайг тусгай хэрэгцээнд авч, иргэдийн ая тухтай амрах цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж буй. Мөн энэ асуудлаар БНСУ, Япон улсын Элчин сайдтай санал солилцоход БНСУ-ын Элчин сайд КОЙКА-гаас хамтран ажиллах боломжтой, нийгмийн хариуцлагын хүрээнд монголчуудад зориулсан ийм газрыг сэргээх бүрэн дүүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Замбараагүй газар олголтыг хэрхэн цэгцэлж байна вэ

Энэ удаагийн уулзалтын бас нэгэн онцлог нь иргэд, олон нийтийн санал бодлыг яамны зүгээс сонсож, холбогдох арга хэмжээг авахаа илэрхийлсэн явдал юм. Тухайлбал, иргэдийн зүгээс замбараагүй газар олголт, түүнийг дагасан төлөвлөлтгүй бүтээн байгуулалтын асуудлыг олноор хөндөж байв.

Үүнд Горхи-Тэрэлж, Богдхан уулын орчимд газар давхцуулан олгосон маргаан их гардаг. Энэ нь нийслэл болон дүүргийн Газрын албатуудын ажлын уялдаа холбоогүйгээс үүдэлтэй аж. Зүй нь Горхи-Тэрэлж нь Төв аймгийн Эрдэнэ сумын газар учраас Эрдэнэ сумын Засаг дарга газар олгочихдог. Харин Баянзүрх дүүргийн товчоо Хүрхрээн ам хэсэгт Нийслэлийн Засаг даргын захирамжаар одоогийн байдлаар өмчлөх эрх олгосон 108 иргэн бий гэнэ. Мөн Түргэний ам дагуу  Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон 294 иргэн, хуулийн этгээд газрын зөрчилтэй байгаа аж. Түүнчлэн БЗД-ийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгосон 218 иргэн, хуулийн этгээд байгаа бөгөөд эдгээр нь бүгд газрын маргаантай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, газрын давхцалтай холбоотой шүүхийн  шатанд яваа асуудлууд бий гэдгийг энэ үеэр холбогдох албаныхан мэдээлэв.

Тэгэхээр энэ мэтчилэн газрын маргаантай холбоотой асуудлыг шүүхийн шийдвэр нь гарсан тохиолдолд шийдвэрийн дагуу газрыг шууд олгоод эхэлсэн байна. Үүнд тухайн газрын уугуул иргэд голдуу багтаж буй. Мөн дүйцүүлэх газар олгох асуудлыг эхнээс нь шийдвэрлээд эхэлжээ.

Түүнчлэн салбар яамны зүгээс Туул голын сав дагуу газар дахин олгохгүй гэдгийг онцоллоо. Мөн энгийн эдэлбэр газарт 15 жил, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 5 жилээр газар олголт хийгдэж буй. Эл хүрээнд усны болон ойн хамгаалалтын бүсэд орсон газар эзэмших гэрчилгээг сунгахгүй юм байна. Мөн худаг гаргах, нэр шилжүүлэх ажлыг зогсоожээ. Өөрөөр  хэлбэл, өнгөрсөн 15 жилийн өмнө аваад энэ жил сунгалт хийлгэх аж ахуй нэгж ойн болон усны сав газарт багтсан бол газар эзэмших зөвшөөрлийг нь дахин сунгагдахгүй гэсэн үг юм.

Түүнээс гадна Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн давхцалтай хэсэгт 20 гаруй жил амьдарч байгаа уугуул иргэдийн төлөөлөл асуудлаа БОАЖ-ын сайдад танилцуулж, ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллахаар болсон юм.

Мөн Зайсангийн ам, Арцадын аманд газар ашиглах эрх авч чадаагүй газар ашиглах хүсэлт гаргасан нийтдээ 34 иргэн байдаг аж. Үүнд яамны зүгээс дэмжих санал гаргасан ч тушаал нь гараагүй 25 иргэн бий гэнэ. Товхондоо 59 иргэний асуудал байгаа гэсэн үг. Тиймээс өчигдөр уугуул 8 иргэнд газар олгох асуудлыг БОАЖЯ шууд шийдэж өгчээ.

Богдхан уулын эргэн тойрон дахь асуудлаар…

БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг 2014 иргэн, аж ахуйн нэгжид нэгж нийт 3675.2 га талбайг олгосон байдаг аж. Энэ нь хязгаарлалтын нийт бүсийнхээ 30 хувьтай тэнцдэг байна. Аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 1404 иргэн, хуулийн этгээд нийт 3649 га, уугуул иргэн болон бичил эко аялал жуулчлалын зориулалтаар 610 иргэн 21.1 га талбайг эзэмшиж байгаа аж.

Үүнээс:

-Хан-Уул дүүрэгт 1812 иргэн, хуулийн этгээд 2337.6 га талбайг

-Баянзүрх дүүрэгт 192 иргэн, хуулийн этгээд 1267.2 га талбайг

-Төв аймагт 10 иргэн, хуулийн этгээд 44.8 га талбайг эзэмшиж байна.

Богдхан уулын дархан цаазат газар нь нийтдээ 42271.24 га нутаг дэвсгэртэй.

Үүнээс:

-Хязгаарлалтын бүс нь 12035.09 га,

-Хамгаалалтын бүс нь 23314.48 га,

-Онгон бүс нь 6921.66 га,

-Юнескод бүртгэгдсэн талбайн хэмжээ нь 41650 га,

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ашиглалтын хилийн зааг нь 42271.24 га

Ер нь тус уулыг тойрсон асуудал тасардаггүй. Хамгийн сүүлийн мэдээллээр хамгаалалтын бүсийг тэлэх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, өнгөрсөн 7 хоногт сайдын зөвлөл хуралдаж, нийтдээ хамгаалалтын бүсийг 5562 га газраар тэлэх буюу хязгаарлалтын бүсээс 5562 га газрыг хасах шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар шүүхийн шатанд яваа 295 га газар, шүүхдээгүй 430 га газар бий аж. Шүүхдээгүй байгаа газраас Соёмботой уул буюу уг уулын орой дээр 3 аж ахуйн нэгжид газар олгочихсон байсныг цуцлахаар хэлэлцэж буй гэнэ. Түүнчлэн Соёмботой уулын доод хэсэгт байрлах 20 гаруй айлтай уулзаж, Туул голын сав дагуу байлгахгүй гэдгийг сануулжээ. Учир нь усны эх ундарга. Нийслэлийн  1.6 сая иргэн эндээс ундаалж байна. Мөн Төв аймгийн 6-7 сумын хүн ам ундаалж байгаа усны дэргэд нүхэн жорлонтой байж болохгүй. Хоёрт, үерийн аюулаас сэргийлж энэхүү арга хэмжээг авч ажиллах шийдвэр гаргажээ.

Мөн Туул голын сав дагуу газрын гэрчилгээтэй иргэн, аж ахуйн нэгж байрлаж байгаа газруудыг цуцалж, дүйцүүлэх аргаар буюу уул тал руу газар олгох асуудлыг шийдвэрлэж байгаа гэв. Эхнээс нь ажлын хэсэг гарган ажиллаж буй.

АТГ нэр бүхий 13 албан тушаалтныг шалгаж байгаа

Уулзалтын үеэр тус асуудлаар салбарын сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-БОАЖЯ-наас олгодог 19 тусгай зөвшөөрлийг цахимжуулснаа танилцууллаа. Зарим зөвшөөрлийг Монголын аялал жуулчлалын холбоо олгож гэж байна. Тусгай зөвшөөрөл авлигажсан.  Тэр бүү хэл, тийм тусгай зөвшөөрлийг тэдээр авдаг гэх үнэ ханш ч бий. Энэ бүхэн бүрэн арилах болов уу?

-Яамнаас нийтдээ 22 тусгай зөвшөөрөл олгодог байсан. Одоо олгож байгаа нь 19. Заримыг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шилжүүлсэн. Тухайлбал, Аялал жуулчлалын холбоонд зарим зөвшөөрлийг шилжүүлсэн. Мөн МҮХАҮТ руу мөн ойрын хугацаанд 1-2 тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр ажиллаж байна.

БОАЖЯ-наас олгодог тусгай зөвшөөрлийг цахимжуулсанаар цаг хугацаа хэмнэнэ гэж үзэж байгаа. Тухайн хүсэлт өгсөн иргэн зөвшөөрөл хэн дээр, ямар албан тушаалтан дээр хэд хонож, яагаад шийдвэрлэгдэхгүй байгаа учир шалтгааныг өөрөө хянах бүрэн боломжтой. Энэ утгаараа төрийн хүнд суртал, авлигажилтыг бууруулах алхам болно гэж үзэж байна.

БОАЖЯ-ны албан бичиг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 28 хоног байсан. Одоогийн байдлаар 17 хоног руу орж байна. Цахимжиж байгаа учраас энэ хугацаа улам богино болно гэж харж байгаа.

Энд нэг зүйлийг онцлоход БОАЖЯ-наас АТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр нэг комиссарийг шилжүүлэн ажиллуулж эхэлсэн. Авлигатай холбоотой мэдээлэл байгаа бол манайд мэдэгдэх хэрэгтэй.

-Ойн ангийн 3 даргыг авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Мөн хэд хэдэн албан тушаалтан шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий?

-Ойн ангийн 3 дарга, 3 инженер, улсын байцаагч гээд нэр бүхий 13 албан тушаалтан дээр хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа. 431 га газарт эзэн холбогдогчийг нь тогтоож, нөхөн сэргээлттэй холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн асуудал бий.

-Үл хөдлөх зуучлалын компаниудыг шалгана гэж мэдэгдэж байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юу?

-Үл хөдлөх зуучдадын компаниудаар газар, байшин зарна гэсэн зарууд их явдаг. Энэ асуудал дээр хяналт шалгалтын ажиллагаа хийж байна. Байшин баригдсан байж болно. Анхны зориулалтаар ашиглаагүй гэсэн үндэслэлээр асуудал үүсдэг. Нэгэнт баригдсан байшингууд дээр уулзалт эхэлнэ. Уулзалтаар байшингаа барьчихсан. Гэхдээ хууль зөрчсөн үү зөрччихсөн. Тэгвэл энэ орчноо ногооруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд худалдсан мөнгөнөөсөө тодорхой хэсгийг гаргаж зарцуул гэсэн саналыг тавьж байгаа. Нэг талдаа аж ахуйн нэгж хохирч болохүй. Гэхдээ хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлнэ гэсэн үг биш.

-Тусгай хамгаалалтай бүсэд төлбөр хураамж хэр төвлөрдөг вэ. Эргээд байгаль орчиндоо зарцуулагдаж чадаж байна уу?

-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар эргээд байгальдаа зарцуулагдах ёстой. Гэтэл 2021 онд 141 тэрбум төгрөг байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу төвлөрсөн байдаг. Гэтэл БОАЖЯ-ны хийсэн тооцоолол судалгаа, шинжилгээгээр тухайн орон нутагт зөвхөн зориулалтын дагуу 25 орчим хувийг эргэн зарцуулсан байх жишээтэй. Үлдсэн нь зориулалтын бусаар зарцуулагдаж байна. Үүн дээр хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрынхан ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр зайлшгүй ажиллах ёстой. Сумын ИТХ гэж том газар бий. Суманд нь төвлөрч байгаа энэ мөнгийг зориулалтын дагуу зарцуулах ёстой байтал сумын төсөвт орж ирсэн мөнгө гээд халгаадаггүй. Сумын ИТХ-аар шийдвэрлэнэ гэсэн заалтаараа тогтоол гаргуулаад өөр зориулалтаар зарцуулдаг. Тиймээс БОАЖЯ хуулийн дагуу ажлын хэсэг гаргаж холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг удахгүй үүсгэнэ.

-Ан агнуурын зөвшөөрлийг сайдын гарын үсгээр бус Засгийн газрын тогтоолоор олгоно гэв үү?

– Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ан агнуурын квотыг тогтооно. Өмнө нь ганц сайд гарын үсэг зураад гаргадаг байсан бол одоо ирсэн хүсэлтүүдийг ажлын хэсэг гаргаж, хянаад нээлттэй, ил тод мэдээллийн систем дээр бүх зөвшөөрлүүдийг олгох ажлыг зохион байгуул гэдэг чиглэлийг өгсөн. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцсэний дараа бүх мэдээлэл ил болно. Үүнд Богдхан уул тойрсон амуудын асуудал ч багтана. Тэнд хичнээн газрыг хэн хэн гэж иргэн, аж ахуйн  нэгжид хэдий хэр хугацаагаар олгосон гээд бүх мэдээлэл ил болж байгаа. Одоо эзэмшиж байгаа газрынхаа төлбөрийг өгсөн эсэхийг ч нээлттэй болгох юм.

-Ойн хөгжлийн төвийг татан буулгаж, агентлаг болгох шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл албан ёсоор байгуулагдсангүй. Үүний улмаас ажилчид нь цалингүй хэдэн сар болж байна. Үүнийг хэрхэх вэ?

-Ойн хөгжлийн төв татан буугдсан. Төсвийн тухай хууль болон дагалдах хуулиар 2022.01.01-ний өдрөөс эхлэн Ойн судалгаа хөгжлийн төвийг татан буулгаад Ойн агентлаг байгуулах шийдвэр гарчихсан. Гэтэл Ойн агентлаг нь Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж байгуулагдахаар байгаа. Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн ороод 12 албан тушаалтан цалингүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Төсөв нь зарцуулагдаж чадаггүй хэлбэрт орчихсон. Ойн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлээд УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдээд байнгын хороон дээр анхны хэлэлцүүлэг ирэх 7 хоногоос эхэлнэ. УИХ болон холбогдох байнгын хороонд ойрын хугацаанд Ойн тухай хуулийг хэлэлцэж өгөхийг хүссэн.

Энэ мэтчилэн тус яаманд томилогдсоноос хойших 100 хоногийн хугацаанд 60 гаруй асуудлыг шийдсэн талаараа салбарын сайд онцлон тайлагнав.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.