Цэцэрлэгүүд нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал холимог бүлгээр хичээллэнэ

2021-12-7 Боловсрол

Цэцэрлэг болон ерөнхий боловсролын хичээл, сургалтын үйл ажиллагаа түр зогсож, ээлжийн амралт эхэлж буйтай холбогдуулан БШУЯ-ны СӨБ-ын хэлтэс, Ерөнхий боловсролын хэлтсээс мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын засгийн газар, улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болов.

Сургуулийн өмнөх боловсрол:

Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэв. Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтов. Цэцэрлэгүүд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал холимог бүлгээр зарим хүүхдээ үргэлжлүүлэн хүлээн авна. Хэрэв Та хүүхдээ энэ хугацаанд цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай гэж үзвэл одоо хамрагдаж буй цэцэрлэгийнхээ багшид хүсэлтээ хүргүүлээрэй. Энэ хугацаанд цэцэрлэгүүд ковидын үеийн халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан, түр журмыг хэрэгжүүлж ажиллана.

Ерөнхий боловсрол:

Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 10-ны өдрөөр дуусгавар болгож 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болов.

Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлнэ.

Дээд боловсрол:

Их, дээд сургуулиудын тухайд энэ 7 хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимын дагуу үргэлжилнэ. 12 дугаар сарын 13-ны өдрөөс амралт эхэлнэ. 2 дугаар сарын 15-ны дотор багтааж шалгалтыг танхим болон цахим гэсэн хувилбараар зохион байгуулна.

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.