УУЛНААС МОД АВЧИРЧ ТАРИХ НЬ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЖИЛ БИШ

2021-11-10 Байгаль орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” эхэлсэн. Чуулган 3 дахь өдрөө салбар хуралдаанаа хийлээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах ажлыг эрчимжүүлэх зорилготой юм.
Тэгэхээр энэ удаагийн ээлжит чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож “Энэ бол хоёр өөр асуудал. Нэг нь ойн салбарт, жил бүр байнга хийдэг технологийн ажил. Өөрөөр хэлбэл шигүү ойг сийрэгжүүлэх ажлыг тодорхой, эрх, үүрэг бүхий аж ахуйн нэгжүүд хийх ёстой. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг таван аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн байна. Аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн үү, технологийн дагуу ажилласан уу, сийрэгжүүлэх ёстой талбайдаа ажилласан уу гэдгийг Цагдаагийн байгууллага тодруулж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол өөр. Энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. Үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод булгалж авчирч суулгасан удаа огт байхгүй. Ийм зүйл хийхгүй. Нэг ёсондоо уулнаас мод авчирч тарих нь үндэсний хөдөлгөөний ажил биш.
Ой модыг сийрэгжүүлэх ажлыг өнгөрсөн он жилүүдэд хийж байсан, ирээдүйд ч хийнэ. Үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах үндэсний хөдөлгөөний ажилтай холбож ойлгож болохгүй.
Өнөөдөр 43 ойн анги, 224 аж ахуйн нэгж мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ойрын хоёр жилд чадавхыг нь сайжруулна. Ногоон санхүүжилт болон бусад хэлбэрээр дэмжинэ. Томоохон аж ахуйн нэгж, ялангуяа уул уурхайн компаниудыг түшиглэсэн мод үржүүлгийн ангиуд байгуулагдаж байгаа. Дээр нь аймаг дундын механикжсан анги бий болно. Түүнээс биш уулнаас мод авчирч суулгаад ургахгүй. Бойжуулалтын талбай, эсвэл хүлэмжид тарьсан модыг хүн ам шигүү суурьшсан суурьшлын бүс рүү явуулдаг технологитой. Энэ бол улс төржиж болохгүй сэдэв. Хэн нэгэн хүний улс төрийн сэдэв биш. Энэ бол монголчуудын, хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой, тогтвортой хөгжлийн суурь асуудал” гэдгийг тодотгов.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.