“Ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллана”

2021-11-15 Байгаль орчин

 

"Ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллана"

“Ойн салбарын үндэсний чуулган” яг одоо төрийн ордонд үргэлжилж байна.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Төрийн тэргүүн “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс тунхаглан зарласан нь зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр, чухал үйлсийн тод илэрхийлэл юм. Дэлхийн дулаарлаас үүдэн Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Дэлхийн дулаарлаас улбаалж, эх дэлхийн өнцөг булан бүрт түймэр гарч, цөлжилт эрчимжиж, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр байна. Дэлхийн цаг уурын дулаарал аж үйлдвэр эрчимжсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дунджаар 1.0 хэмээр нэмэгдсэн бөгөөд хоёроос дээш хэм дулаарвал бид эх дэлхийгээ эмчлэхэд дэндүү оройтох болно гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орнуудын нэг юм. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ.

Ганцхан жишээ дурдахад, манай улсад олон зуун гол горхи, булаг шанд ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг аюулын харанга дэлдсэн үзүүлэлт жилээс жилд урагшлах, улмаар хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсч байгаа нь бодит үнэн юм.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулэх эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг билээ.

Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ойжуулалтын энэхүү зөвлөгөөний үндсэн зорилго бол Та бидний цаашид хамтран зохион байгуулах, богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гэж үзэж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.