Сурагчдын хувийн мэдээллийг авдаг байдлыг зогсооно

2021-11-10 Парламент

Хууль төрөхийн өмнө

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг холбогдох УИХ-ын Байнгын хороод хэлэлцэж эхэллээ. Энэхүү хууль нь дэлхийн ардчилсан орнуудын гол амин сүнс байдаг. Харин манай улсад ийнхүү одоо л “төрөх” гэж байгаа нь хууль зүйн орчинд хийж буй томоохон дэвшил юм. Ингэж хэлэхийн учир нь Монгол Улсад өнөөдөр хүний хувийн нууц мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй байна. Жишээлбэл, Ерөнхий боловсролын сургууль хүртэл тухайн сурагчийн ар гэрийн орлого, асран хамгаалчийнх нь ажил, гэрийн хаяг гээд алд цагаан анкет бөглүүлдэг. Цаашлаад байгууллага, аж ахуйн нэгж хүний хувийн мэдээллийг урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авахгүй цуглуулдаг, хүний хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашигладаг тохиолдлууд олон байна. Мөн хүний хувийн мэдээлэл хариуцаж, боловсруулж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тогтоогоогүйгээс зөрчил үүссэн тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй байдаг.

Тийм учраас энэхүү хуулийн хүрээнд хувь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах харилцаанд тавих байгууллагын хяналтын талаар тодорхой зохицуулалт байхгүй зэрэг олон тулгамдсан асуудлыг зохицуулахыг зорьж буй юм.

Тэгэхээр эл төслийн анхаарал татахуйц нэгэн заалт нь “Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах тухай” юм. Тодруулбал, УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдээлэл олон нийтэд ил байдаг. Хөрөнгө, орлогын мэдээлэл, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг мэдээллийн эзнээс зөвшөөрөл авч байж сэтгүүлчид ашиглах асуудал үүсэх үү гэсэн асуудал олны анхаарлыг татаж буй юм.

Харин үүнд уг хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Сэтгүүлчид сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулж ашиглахаар бол мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа. Гэхдээ мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой байх ёстой. Бусдыг гүтгэж, нэр хүндэд халдсан бол бусад хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй” гэдгийг энэ хуулийн төсөлд тодотгосон гэсэн хариултыг өгсөн юм.

Мөн энэхүү хуулийн хүрээнд сургуулийн багш нар зөвхөн сурагчдад хичээлээ заадаг, сурагчдын гэр бүлийн байдал, эцэг, эхийн орлого, албан тушаалын талаар мэдээлэл авах явдлыг хориглоно гэдгийг ажлын хэсгээс тодотгосон. Түүнчлэн дуу, дүрсний төхөөрөмжийг хаана байршуулж болох, бусдын дуу, дүрсний бичлэгийг задруулна хэмээн сүрдүүлдэг, бусдын нэр хүндэд халдахыг оролддог явдлыг чангатгаж, хуульчлах юм байна.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.