ЭМЯ: Сүүлийн хоногт 2009 хүнээс халдвар илэрч, 15 хүн энджээ

2021-09-10 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд шинээр 2009 тохиолдол бүртгэгджээ. 2061 хүн мөн хугацаанд эдгэрч, эмнэлгээс гарсан байна.  Өнөөдрийн байдлаар 21 213 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Сүүлийн хоногт 21-80 насны 15 хүн коронавируст халдварын улмаас амиа алджээ. 

Энэ удаагийн хуралд УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Батлагдсан тохиолдлын тоог дарж мэдээлж байгаа тухай мэдээлэл гарсан. Монгол Улс олон улсын стандартын дагуу статистик мэдээгээ боловсруулж хүргэдэг. ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Түргэвчилсэн оношлуурт суурилж эмчилгээнд оруулж байгааг иргэд мэднэ. Учир нь халдварын мутацилагдсан хувилбарын тархалт өсч байгаа. Тиймээс түргэвчилсэн оношлуурт суурилж эмчилгээнд оруулах болсон. Гэхдээ олон улсад түргэвчилсэн шинжилгээг PCR-аар заавал баталгаажуулж байгаа учраас Монголд ч мөн адил 3-4 хоногт баталгаажуулж хоногийн статистиктаа оруулж байгаа.Covid-19-ийг илрүүлэх шаардлагагүй шинжилгээнд 500-700 сая төгрөг зарж байгаа. Тиймээс шинжилгээний цэгийг хасч, шаардлагагүй тохиолдолд шинжилгээ авахаа больсон.

Мөн түргэвчилсэн шинжилгээний тест хариу нь худал гарах тохиолдол ч байгаа учраас шинж тэмдгээр оношилж, эмчлэх хувилбар руу шилжиж байгаа” гэдгийг тодотголоо.

Мөн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улсын хэмжээнд нийт өнөөдрийн байдлаар 69 хувь, II тунд 65 хувь нь хамрагдаад байна. 12-17 насны 258 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна. Хүүхдүүдийн хувьд 89.8 хувьтай явж байгаа. Мөн томуугийн улирал эхэлж буйтай холбогдуулан “Томуугаас сэргийлье” уриан дор 13-22-ны хооронд ЭМЯ-аас аян зохион байгуулна. Covid-19 халдвараас урьдчилан сэргийлж томуугийн 360 мянган тун вакциныг Монгол Улсын Засгийн газраас худалдан авсан бол, 60 мянган тун вакцин тусламжаар орж ирсэн. Есдүгээр сарын дунд буюу ирэх долоо хоногийн томуугийн вакциныг эхэлнэ.

Томуугийн вакцинд хамрагдах иргэд бусад вакциныг хийлгэсэн тохиолдолд 21 хоногийн зайтай байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн сурагчдын хувьд эцэг, эхээс зөвшөөрлийн хуудас бөглөсөн тохиолдолд хийхээр төлөвлөсөн байгаа.

Харин бүүстэр тун буюу нэмэлт тун хийлгэх иргэд 164 мянга 738 иргэн хамрагдаад байна. 18-аас дээш насны иргэд энэ сарын 13-наас хамрагдах боломжтой. Мөн гадаадад зорчих иргэд ХӨСҮТ болон Интермед эмнэлгийн лабораторид нислэгээс 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдаж лавлагаа бичгийг дотоод, гадаадын хил дээр ашиглах боломжтой байхаар зохицуулалтыг хийсэн байгаа” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.