Нэг ангиас халдвар илэрсэн тохиолдолд тухайн ангийг 7 хоног танхимаар хичээллүүлэхгүй

2021-08-20 Боловсрол

Covid-19-ийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.08.20) ээлжит мэдээллээ хийлээ.


Сүүлийн 14 хоногт улсын хэмжээнд дельта вирусийн тохиолдол нэмэгдэж байна. Иргэдийн хувьд зуны улиралд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байх тохиолдол гарч байсан. Харин одоо хичээл сургууль эхлэх гэж байгаа эгзэгтэй үед хариуцлагатай байхыг холбогдох мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн цар тахлын нөхцөлд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах тухай түр журмыг Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайд нар хамтран баталжээ.

Уг журамд зааснаар цэцэрлэгийн нэг бүлэг болон, 12-оос доош насны сурагчидтай нэг ангиас халдвар илэрсэн тохиолдолд тухайн бүлэг, ангийг долоо хоног цахим хичээлд шилжүүлэх юм байна.

Түүнчлэн гурав болон түүнээс дээш бүлгээс халдвар илэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажээ. 12-оос дээш насны сурагчидтай нэг ангид гурваас дээш хүүхэд өвчилбөл тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлэхээр журамд заажээ. Мөн өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш бүлгээс халдвар илэрвэл тухайн сургуулийг бүхлээр нь долоо хоног цахим хэлбэрт шилжүүлэх юм байна.

Түүнчлэн тус журамд,

-Тандалт судалгаа, хавьтал тодорхойлох баг ажиллана

-Угааж цэвэрлэхэд хялбар, цөөн тооны тоглоом ашиглана

-Эцэг, эхчүүд хувцас солих өрөөнд орохгүй, хүүхдийн хичээлийн хэрэгслийг угааж, цэвэрлэх

-Янз бүрийн уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй

-Эцэг, эхийн хурлыг цахимаар хийх

-Хичээл эхлэх, тарахын өмнө 10-15 минутын зөрүүтэй зохион байгуулах

-Хүүхдийг унтуулахдаа хөл, толгой гэдэг зарчим баримтлах

-Нэг хүүхэд, нэг ширээ, нэг ангид 20-25 хүүхэд хичээллэнэ

-Сурагчдаар ангийн цэвэрлэгээ хийлгэхгүй

-Ариун цэврийн өрөө ашиглах хуваарь гаргах

-Цонх салхивчийг байнга онгойлгох

-Цэцэрлэгт тусгай дугаарын утас ажиллуулах

-Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид масктай, цэцэрлэгийн хүүхдүүд маскгүй

-Сургууль, цэцэрлэгийн дотуур байранд хүүхдүүдийг сод, давс, нимбэгний уусмалаар зайлах арга хэмжээг авах

Дашрамд дуулгахад, дельта вирусийн халдвартай нэг хүн дунджаар долоон хүнд халдвар тараах эрсдэлтэй. Тийм учраас иргэн бүр маш хариуцлагатай байх ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцлон зөвлөж байна.

Түүнчлэн энд нэг зүйлийг онцлоход, сургууль болон цэцэрлэгийн нэг танхимд 20-25 хүүхэд суулгаж хичээл явуулахаар журамд заажээ. Сурагчид сургууль дээрээ тогтмол амны хаалт зүүх бол цэцэрлэгийн хүүхдүүд маскгүй байх юм байна.

Тог тог… ХААЛГАА нээ

14 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.