Билл Гейтсийн хүүхдүүд аавдаа гомддоггүй

2018-01-20 Ертөнц

Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс 70 тэрбум ам.доллараар үнэлэгдэх эд хөрөнгийнхөө өчүүхэн бага хувийг хүүхдүүддээ үлдээж, ихэнх хэсгийг бусдын сайн сайхны төлөө зориулна гэж амласан билээ. Түүний энэ шийдвэрт хүүхдүүд нь гомдоогүй. Харин ч бахархдаг хэмээн Б.Гейтс телевизийн ярилцлагад орох үеэрээ хэлжээ.

Тэрбумтан Билл Гейтс үр хүүхдүүдээ хэр их өв хөрөнгө өгөх талаар өмнө нь ч хэлж байсан. Тэрээр хүүхдүүддээ хамгийн сайн боловсролыг олгож, багахан хэмжээний мөнгө үлдээснээр тэд өөрсдийнхөө амьдралыг өөрийн гараар бүтээж, дахин давтагдашгүй зам мөрөө үлдээгээсэй гэж хүсдэг хэмээн ярьсан юм.

Гейтсийн гэр бүлийн том охин 20 настай Женнифер одоо Стэнфордын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан. Гэрээсээ тусдаа амьдардаг бол 17 настай дунд хүү Рори, 14 настай Фиби нар ээж аавтайгаа цуг Вашингтон дахь гэртээ амьдардаг аж.

Эцэг нь энэ дэлхийн хамгийн баян хүн байтал тэрбум доллар ч өвлөж авахгүй гэдэг шийдвэр тэднийг огт гонсойлгодоггүй. Ээж аавынхаа бусдын төлөө гэсэн үйл хэргийг үргэлж дэмжиж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнх нь явцыг хамтдаа үзэж сонирхдог учраас зөв гэж үздэг гэнэ.

Билл Гейтс өөрийн найз, тэрбумтан Уоррен Баффетын хамт “Өглөгийн амлалт” хэмээх сан байгуулж, дэлхийн тэргүүн баячуудыг хөрөнгийнхөө талаас дээш хувийг бусдын сайн сайхны төлөө зориулахыг уриалдаг болсон. Тэдний уриалгаар “Facebook”-ийн захирал МаркЦукерберг бүх хөрөнгийнхөө 99 хувийг бусдын төлөө зарцуулна хэмээн амласан билээ.

Б.Номун

 

 

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.