Хавдарт дарлуулж, цагаа бүү алд

2017-10-12 Нийтлэл

“Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”

Манай улсад 3999 хүн хавдрын улмаас нас баржээ

Өрх бүрт хорт хавдрын улмаас өөд болсон хүн байдаг гэнэ билээ. Статистик баримт ч үүнийг нь нотлох юм. Нас барсан дөрвөн хүн тутмын нэг нь хавдрын өвчнөөр шаналж байгаад нөгөө ертөнцөд оддог аж. Хожуу илэрсэн хорт хавдар өвчний эмчлэгдэх боломж хязгаарлагдмал. Эрүүл мэндийн салбар нь сайн, техник технологи өндөр хөгжсөн орны эмч, эрүүл мэндийн ажилтнууд ч энэхүү өвчинд гар өргөн бууж өгсөөр. Төгс эмчлэх арга, эм бэлдмэлийг одоохондоо гаргаж авч чадахгүй учир асаргаа, сувилгаанаас цааш хэтэрч чадахгүй л байна. Хүний нас нэмэгдэх тусам хавдар тусах магадлал ихэсдэг аж. Дэлхий дахинд хоёр эрэгтэй хүний нэг, гурван эмэгтэйн нэг нь хавдраар өвддөг гэх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2015 онд 13 сая хүн нас барсан бол, манай улсад 3999 хүн хавдрын улмаас нас баржээ. Хавдар судлалын Үндэсний төв(ХСҮТ)-ийн Эрдэм шинжилгээ сургалт эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Хавдар эрүүл мэндийн хүрээнээс хальж, нийгмийн асуудал, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын асуудал болоод байна” хэмээсэн. Дэлхийн аль ч улсад хавдрын эмчилгээний чанарыг 100 хүн тутамд хэчнээн хүн таваас дээш жил амьдарсан бэ гэх асуулгаар тооцдог бөгөөд манайд элэгний өвчлөлөөр өвдсөн 100 хүн тутмаас ердөө 18 нь тав буюу түүнээс дээш насалжээ.

Гэнэн, итгэмтгий хүний хавдар хурдан өсдөг

Шинжлэх ухаан ингээд баталчихсан юм биш л дээ. Гэхдээ л эмч нарын ярианаас надад ийм бодол төрсөн. Монголчууд өвдсөн, зовсон нэгэнд аль болох туслах гэж хичээдэг. Тэр зан нь ч нөлөөлдөг үү, “Тэнд нэг сайн лам өвсний ханд уулгаад эдгээчихдэг гэнэ билээ” гэх зэргээр дам сонссон, дуулсанаа өвтөн болоод тэдний ар гэрийнхэнд хэлнэ. “Хурдан эдгээд, эрүүл болчихоё” гэж бодсон хөөрхий өвчтөнд тийм үг хүчтэй тусна. Харин ар гэрийнхэн, асарч хамгаалж буй хүмүүс үүнд бодолтой хандахгүй бол болохгүй нь. Ж.Чинбүрэн эмч “Зарим хүмүүс бидэнд 12 сарын хугацаанд хавдар ямар хэмжээгээр өсдөг болохыг батлах гэж байгаа мэт зан гаргадаг” хэмээсэн. Хоёр см хэмжээтэй хавдартай хүн анх оношлуулсанаас хойш  элдэв тан зэргийг ууж явсаар эцэст нь эрүүл болсон ч юмгүй, эмчилгээний тандаа хордсоор эргээд ирдэг аж. Анх үзүүлэхэд эмчилгээ авчихаар байсан өнөөх хавдар тэр хугацаанд өсч томорсоор хэдийнэ аминд нь халтай болсон байдаг аж. Бурхан өөрөө л буугаад ирээгүй бол элдэв тарни, нууц шившлэг, гиптоноз зэргээр энэ төрлийн өвчнийг эдгээдэг гэх мэрэгч, төлөгч, элдэв хүмүүст итгэхийн хэрэггүй юм билээ.

11 сая ам.долларыг хавдраа эмчлүүлэхээр авч оддог

Өнгөрсөн 1,5 жилийн хугацаанд 160 хүн элэг солиулахаар гадагш гарсан бөгөөд тэдний эмчилгээний зардал 11 сая ам.доллар болжээ. Солонгост энэ төрлийн хагалгаа 160-250 сая вон байдаг бол, Энэтхэг улсад хамгийн хямд үнээр буюу 35-40 мянган ам.доллар байдаг аж. Энэ нь зөвхөн эмчилгээний төлбөр бөгөөд цуг явсан хүмүүс, тэнд байсан хүмүүсийн зардлыг оруулаагүй тооцсон төсөв аж.

Монгол эмч нар элэг шилжүүлэх хагалгааг хийж чадаж байгаа ч ачаалал хэтэрхий их байна. Мэдээжээр боловсон хүчин, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, техник тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлага ч зайлшгүй байгаа гэнэ. Одоогоор манайд байгаа хүчин чадлаар сард 2-3 хүн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ордог бөгөөд энэ төрлийн эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай 200 хүн бий.

Нэгэн цагт Эрүүл мэндийн сайд нь хүртэл эмнэлгийн ажилтнууд авлига авдаг, эрүүл мэндийн салбар бүрэн дампуурсан гэх мэтээр салбарынхнаа үгүйсгэсэн нь тэнд ажиллагасадад төдийгүй өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэнд хүндээр тусчээ. Хүн гэгч сэтгэлийн амьтан. “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэх үгийг хэлэмгий нэг нь мэдэмрхийрээд толгой холбочихсон юм биш. Амьдралаас урган гарсан үг. Тэртусмаа өвчтэй хүн сэтгэл чангатай байж, эмчилгээндээ итгэж, эмч сувилагч нартаа сүжиглэхгүйгээр эдгэрнэ гэж үгүй.

Хавдраа авхуулчихаад  маргааш нь ажлаа хий

Хэнэггүй, алмай зангаас болж бид “түүнд дээрэлхүүлдэг” байдалд хүрээд байгаа болохоос тийм айхтар зүйл биш гэдгийг ч хавдрын эмч нар сануулж байна. Тэд шалтгаан нь тодорхой, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой, дэлхийн анагаах ухааны ололт өвчтөнүүдийг аврах хэмжээнд хэдийнэ оччихоод байгааг дуулгана билээ.  Гурав хүртэл см хэмжээтэй хорт хавдрыг түлж эмчлэх эмчилгээний арга 2009 онд манайд нэвтэрчээ. Гэвч тухайн үед жилдээ 20 хүний эмчлэх боломж хүчин чадал байсаар атал тэрхүү эмчилгээнд нь орох өвчтөн олдохгүй байсан гэдэг. Үүнээс харахад бид ямархуу хэнэггүй хүмүүс болох нь харагдана даа. “Өвдөж цагаа бүү алд” гэх үгтэй телевизийн сурталчилгааг манайхан мэдэх байх. Хавдрын энэхүү эмчилгээ нь энэхүү сурталчилгааны үгэнд дүйнэ.  Ердөө 15 минутын дотор эмчилгээ бүрэн хийгдэх бөгөөд эмчилгээ хийлгэсэн хүн маргааш нь ажилдаа явж болох аж.

Гэтэл өнөөх хавдар таван см, түүнээс арай том болчихвол хагалгаанд орно. Бүтэн баг ажиллаж, асар их зардал гарна. Хөдөлмөрийн чадвараа алдаж, бүтэн нэг сар хяналтад байж, 3-6 сарын дараа ажил эрхлэх боломжтой болно. Хавдрын хэмжээ үүнээс илүү том болвол өвчтөн хаашаа оддогыг бид хэлүүлэлтгүй мэддэг болсон.

“Би чадна, бид чадна, та ч бас чадна

Хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөр энэхүү уриан дор явагдаж байгаа. ХСҮТ-өөс энэхүү уриаг хүн бүхэнд хүргэхийг хүсч байгаа аж.  Нэгэн үе элэгний өвчлөлийг бүх нийтийн анхааралд хандуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр элэгний өвчлөлийн аюул, хор хөнөөлийг мэдээлсэн. Энэхүү явдлын үр дүнд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эрх баригч хоёр нам элэгний өвчлөлийг бууруулах талаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. МАН-ын Засгийн газраас энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 10 тэрбум төгрөгийг хавдрын өвчнийг эрт илрүүлэхэд зарцуулахаар болжээ. Энэ мэт сайн мэдээ олон байна. 2017 оноос Монгол Улсын эрүүл мэндийн даатгалаас С вирусийн эмчилгээний нөхөн олговрын 80 хувийг даадаг болсон. Бид бүгдээрээ манлайлж эрх баригчдаар шийдүүлж чадсаны үлгэр энэ.

 Элэгний хорт хавдрыг шийдэж чадсан жишиг улс болоё

Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог умайн хүзүүний хавдар өвчнийг эрт илрүүлэх хөтөлбөрийг Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр 2013 оноос хойш улс даяар хэрэгжүүлжээ. Үр дүнд нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож эмчлэгдсэн хүмүүсээс таван жил болон түүнээс дээш жил амьдарч байгаа магадлал нь 40 хувь болсон аж. Энэ туршлага дээр тулгуурлаад элэгний хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Манайд хамгийн элбэг тохиолддог гурван хавдар болох элэг, умайн хүзүү, ходоодны хавдар байдаг. Түүнээс, элэгний өвчлөл гэхэд нийт хавдрын 40 хувийг дангаараа эзэлж байх юм. Эрт илрүүлэлтийн хөтөлбөр хэрэгжиж, олон нийтэд мэдээлэл сайн түгээснээр дээр өгүүлсэн 15 минутын эмчилгээнд жилд 500 гаруй хүн ордог болсон гэнэ. Энэ тооны хүн энэхүү аюулт өвнөөс ангижарсан бөгөөд энэхүү амжилтыг олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүстэй хуваалцаж байгаа аж.

ХСҮТ-ийн эмч нарын амбийц их юм. Энэ жишгээр эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж дэлхийд элэгний хорт хавдартай тэмцэж, шийдэж чадсан жишиг улс болцгооё гэж уриалж байгаа юм. Мөн энэ оныг ходоодны хавдар өвчлөлийг сануулах жил болгон зарлаж, элэгний хавдарт эхний цохилтыг өгч чадсан шигээ олны анхаарлыг хандуулахаар төлөвлөжээ. Хүнсний аюулгүй байдал зэрэг олон сэдвээр хөндөж шийдвэр гаргагчдад үгээ хүргэж чадвал эрүүл байх боломж бий. Эрт илрүүлэлт хийхийн тулд ходоодыг дурандах бөгөөд ийнхүү дурандахаа улаан хоолойнд давхар үзлэг хийх аж. 2018 онд ходоодны хорт хавдараар үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх бол нийт хавдрын 60 хувийг хянаж чадах юм.

Дашрамд,  эрх баригчдын шийдвэр сайн үр дүнд хүргэдэг нэг жишээг өгүүлэе. Манай улсад өвдөг, түнхний хагалгааг хийдэггүй байсан бөгөөд ийм өвчтэй хүмүүс гадагш явж эмчилгээнд ордог байв. Нийгмийн халамжийн сангаас эмчилгээний зардал болох  таван сая төгрөгийг өвчтөнд буцаан олгодог болсноор манай 5-6 эмнэлэг энэ төрлийн хагалгаа хийдэг болсон. Өдгөө энэ төрлийн хагалгаа хийлгэхээр гадагшаа явдаг өвчтөн байхгүй болсон гэж байгаа.

Эцэст нь,  хавдарт дарлуулж, цагаа бүү алд. Эхний алхам, Та эрүүл мэндийн үзлэгт хамрагдаарай. Дараагийн алхам, дээрх зөвөлгөөг өөр бусдад дамжуулаарай.

Эх сурвалж: Newsmedia.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.