Улсынхаа мөнгөний  авдрыг эзэмшдэг бүсгүйчүүд

2017-07-5 Ертөнц

Өдгөө дэлхийн 12 улсын мөнгөний бодлогыг  эмэгтэйчүүд удирдан залж байна. 2014 онд энэ тоо  19 байсантай харьцуулвал буурчихаад байгаа ч цаашид улсынхаа мөнгөний авдрыг эзэмшигч бүсгүйчүүдийн эгнээ тэлэх нь гарцаагүй гэж “Central Bank News”хэмээх мэргэжлийн  хэвлэлд нь бичжээ. Тухайлбал, одоо Европын төвбанкны менежерүүдийн 27 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд  2019 он гэхэд 35 хувьд хүргэхээр зорилт тавьжээ.

Улс орнууд мөнгөний бодлогоо эмэгтэйчүүдэд даатгах, тэдэнд итгэл хүлээлгэх эсэх нь бүсгүйчүүдийн боловсрол, туршлагаас ихээхэн хамаарч байгаа юм.

Жишээлбэл, Тайландын төвбанк эмэгтэйчүүдэд маш ээлтэй. 2006-2010 онд эмэгтэй даргатай байсан тус банк бүсгүйчүүдийг менежерийн албанд тавихдаа дуртай байдаг нь тэдний чадвар мэдлэгтэй гарцаагүй холбоотой аж. Тус улсын нэр хүндтэй Чулалонгкорних сургуульд санхүү, эдийн засгаар мэргэшин сурч байгаа оюутнуудын талаас илүү нь эмэгтэйчүүд бөгөөд академик үзүүлэлтээрээ  ч эрчүүдээс хавьгүй илүү байдаг гэнэ. Тэгвэл Австралид байдал яг эсрэгээрээ. Тус улсад санхүү, эдийн засгийн чиглэлээр охид суралцах нь тийм ч түгээмэл биш учраас одоо хүртэл санхүү мөнгөний бодлогыг тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг байгаа аж. Тиймээс 2020 он гэхэд төвбанкны менежерийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийг  35 хувьд хүргэхийн тулд бодлогоор дэмжиж байна.

Харин боловсролын чанар эрэгтэй, эмэгтэй гэлтгүй тэгш сайн Сингапурын хувьд мөнгөний бодлогын газрын ажилтнуудын талаас илүү хувь  нь эмэгтэйчүүд байх жишээтэй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн боловсролд ихээхэн анхаардаг улсад л эмэгтэйчүүд төвбанкаа толгойлж, мөнгөний авдрын түлхүүрийг гартаа атгадаг гэж ойлгож болно.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.