Ц.Туваан ба С.Эрдэнийн угшилтай ЯЛАГЧИЙН хэнийг нь Улсын дээд шүүх намын даргаар бүртгэх вэ

2021-03-22 Нийтлэл

 

АН тоонотдоо жийлцэж, хоёр тал бололцон тус тусдаа намын даргын сунгаа явуулж байна. Энэ удаагийн намын дотоод сонгуульд Ц.Туваан ба С.Эрдэнийн угшилтай нэр дэвшигчид өрсөлдөж буй юм. Харин хоёр талын намын даргаа сонгох өдөр нь нэг буюу гуравдугаар сарын 28-ны өдөр нийт гишүүд дундаасаа тодруулна. Гэхдээ энд нэг ойлгомжгүй асуудал үүсэж байгаа нь хоёр талын ялагчийн хэнийг нь АН-ын албан ёсны дарга гэж үзэн Улсын дээд шүүх бүртгэх бол. Зүй нь АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч хийж байсан Ц.Туваан  Ардчилсан намын Х дугаар Их хурлыг хуралдуулж намын дүрмээ өөрчилсөн хэдий ч  уг дүрмийн өөрчлөлтийг нь Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан байдаг. Ингэхдээ АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзэж байв. Тиймээс л эл намын ирээдүйн хувь заяа бүрхэг. Хэзээ хэл амаа ололцож, намын бүх гишүүд хүлээн зөвшөөрсөн даргатай болох нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх тэр л агшин буй за.

Дашрамд дуулгахад, Ц.Тувааны талын зарласан АН-ын даргын сонгуульд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өрсөлдөж байгаа бөгөөд нэр дэвшигчид гуравдугаар сарын 12-нд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж  гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөр, бодлогоо цахимаар танилцуулж байгаа.

Харин С.Эрдэнийн тал дөрөвдүгээр сарын 25-нд тодруулах намын даргын сунгааны хугацааг наашлуулж, энэ сарын 28-нд зохион байгуулах шийдвэр гаргаж, өнгөрөгч Баасан гаригт /2021.03.20/ нэр дэвшигчдийг батламжлан цахим сурталчилгаагаа эхлүүлсэн.  Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигчид бүртгүүлсэн.

Ц.Тувааны талын АН-ын даргын сонгуулийн санал хураалтад гишүүд нь биечлэн саналаа өгөх бол С.Эрдэнийн талын сонгуулийг цахимаар зохион байгуулна. Нэг өдөр санал хураалт болж байгаа учраас С.Эрдэнийн тал санал хураалтыг нэгтгэж  явуулах саналыг Ц.Тувааны талд тавьсан боловч хүлээж аваагүй байна.  Хэрэв гуравдугаар сарын 28-ныг хүртэл дээрх асуудлаар талууд нэгдсэн байр сууринд хүрээгүй тохиолдолд АН-ын гишүүд нь намын даргаа тодруулах сонгуульд хоёр тусдаа саналаа өгөх юм байна. Ингээд л тус намын ирээдүйг Улсын Дээд шүүх хоёр тийш нь болгох биз ээ…

 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.