А.Меркел: Одоо бид АНУ-д итгэж болохгүй

2017-05-29 Ертөнц

Германы канцлер А.Меркел Мюнхенд үг хэлэхдээ эртний холбоотон АНУ-д итгэл алдарснаа өгүүллээ. Европын хүчирхэг удирдагч тивийнхээ улс орнуудад хандан үг хэлэхдээ “Европ одоо АНУ болон бусад холбоотондоо  найдах аргагүй боллоо. Бид нэг нэгэндээ бүрэн итгэж найддаг байсан тэр цаг үе ард хоцорч, европчууд бид өөрсдөө хувь заяагаа гартаа атгах үе иржээ гэдгийг өнгөрсөн хэдэн өдрийн явдлаас би харлаа” гэсэн юм. Канцлерын хэлсэн “өнгөрсөн хэдэн өдөр” гэдэг нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп Европт айлчилсныг хэлж буй хэрэг юм.

Брюссельд зочилж, НАТО-гийн гишүүн орны төрийн тэргүүнүүдтэй  уулзсан Д.Трамп Европын орнуудыг тус эвслийн санхүүжилтэд хангалттай хувь нэмэр оруулахгүй байна, Герман улс худалдааны тал дээр маш сул байна хэмээн нүүрэн дээр нь шүүмжилсэн билээ. Тэрээр ийнхүү НАТО-гийн талаарх урьдын байр сууриа хадгалсан хэвээр, үнэнч холбоотнуудаа хэзээ ч гоочлоход бэлэн байгаагаа харуулсан учраас Д.Трампын засаг захиргаа, түүний удирдаж буй АНУ-д одоо найдах аргагүй болсон гэдгийг А.Меркел ойлгосон бололтой.  Гэхдээ А.Меркел  холбоотнуудын хувьд АНУ, Их Британитай найрсаг, нөхөрсөг харилцаагаа хэвээр хадгалах нь мэдээж хэрэг. Гагцхүү Европын цаашдын ирээдүй, хувь заяаны төлөө өөрсдөө тэмцэх ёстой гэдгийг тивийнхээ удирдлагуудад сануулсан байна.

Д.Трампын Ойрхи Дорнод, Европ дахь айлчлалын төгсгөлд өнгөрсөн амралтын өдрүүдэд Их 7-гийн уулзалт болсон. Гэвч энэ удаагийн Их 7-гийн уулзалт урьд өмнөхөөс огт өөр уур амьсгалд болсон гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Урьд Их 7-гийн орнууд аливаа асуудлаар амь нэгтэй шийдвэр гаргадаг байсан бол Д.Трамп гарч ирснээр хамтын шийдвэр бус АНУ-ын эрх ашгийг нэн түрүүнд бодолцох болсон. Улмаар дэлхийн дулаарлын эсрэг дэлхийн бүх улс орнууд нэгдсэн Парисын тунхаглалыг ч дэмжихгүй байж мэдэхээр байгаа. Их 7-гийн уулзалтын үеэр А.Меркел тэргүүтэй түншүүд нь Д.Трампыг энэ тал дээр ятгаж чадаагүй нь ч АНУ-д итгэл алдрахад хүргэсэн байж болох юм. Дэлхийн дулаарлын тухай яриаг хий хоосон сүржигнэл гэж үздэг Д.Трамп цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд нэгдэх эсэхээ ирэх долоо хоногт эцэслэн шийднэ гэж Твиттертээ бичсэн юм. Хэрэв тэр энэ тэмцэлд нэгдэхгүй гэвэл Их 7-гийн холбоотон орнуудаасаа нүүр буруулсан хэрэг болно.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.