Т.Чимгээг ухаан мэдрэлгүй болмогц хурууны хээ авч, нүцгэлсэн бичлэгийг ил болголоо

2021-03-10 Засгийн газар

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Чимгээг эрүүдэн шүүсэн болон хэрэгтэй холбоотой зарим нотлох баримт бичгийг нууцаас гаргах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар хэргийн зарим материалыг ил болгох тогтоол гаргасан. 2019.03.26-нд Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд үзүүлсэн. Энэ нь эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал байсан. Үүний дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Эрдэнэбат, тагнуулын ажилтан Махгал, Баяр, Отгонбаяр, Бямбажав, Өлзийбаяр нарын 9 хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж, Төв аймгийн шүүх рүү шилжүүлсэн.

2019.08.12-19-нд анхан шатны шүүх хурал болж, хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш үйл явдал хэрхэн өрнөснийг олон нийт мэдэж байгаа. Энэ хугацаанд олон удаагийн хүсэлт гаргаж, шүүх хурал хийлгэхгүй байх процесс явагдсан. 2020.01.10-нд УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, зарим хүсэлтийг хангасан тохиолдолд  шүүх хэргийг яаравчлан шийдэх ёстой гэсэн зохицуулалт оруулсан. Энэ хэрэг анхан шатны болон давж заалдах, дээд шүүх гээд нийтдээ 6 удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй.

Хамгийн сүүлд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ дээр дурьдсан шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял өгсөн атлаа нийтийн албанд албан тушаал эрхлэх эрхийг нь хязгаарлахгүйгээс давж заалдах шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн магадлалд прокурор эсэргүүцэл бичиж Дээд шүүхэд ирсэн. 2021.02.17-нд  Дээд шүүхийн эрүүгийн шүүгч Батдэлгэрт хуваарилагдсан. Хуулийн дагуу 2021.03.17-нд 30 хоног нь дуусна. Дээд шүүх дээр дахин 30 хоног сунгах боломжтой.

Өнөөдөр олон нийтийн өмнө эрүүдэн шүүсэн хэрэг тодорхой байгаа энэ нөхцөл байдалд Монголын шүүх Б.Хурц нарын хүмүүст дийлдэж, яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Хэргийг шүүхээр хурдан шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхий сайд баримталж байгаа.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийг хөнөөсөн хэмээн буруутгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.1-д заасан 4 үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Эдгээр 4 үндэслэлийн 2-т нь “Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол” гэсэн үндэслэл бий.

Хүний эрх зөрчигдөж, хилсээр шүүхээс ял сонсон. Хориход Ц.Амгаланбаатараар Т.Чимгээг байнга дарамтлуулдаг. Т.Чимгээд өөр хүнээр зөвлөгөө, тусламж өгүүлдэг. Одоо үзүүлэх бичлэгт Т.Чимгээ согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэж ухаан мэдрэлгүй болмогц хурууны хээг авч, нүцгэлж зургийг нь авсан. Энэ бол эрүүгийн  хууль болон гүйцэтгэх ажиллагааны хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл” гэлээ.

Мөн тэрбээр “Цаашид эрүүдэн шүүсэн хэрэг гаргахгүй байхын тулд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй юм байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

53 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.