Трампын танхай араншин

2017-05-27 Ертөнц

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп этгээд  хачин үг үйлдлээрээ үргэлж олныг гайхашруулж байдаг. Европт айлчилж яваа тэрээр ээлжит шуугианаа тарьж, дахин нэг удаа шүүмжлэлийн бай боллоо. Бельгийн Бруссель хотноо хүрэлцэн ирээд буй Д.Трамп НАТО-гийн гишүүн орны удирдагчидтай дурсгалын зураг татуулахаар ирэх үедээ замд нь зогсч таарсан Монтенегрогийн Ерөнхий сайд Даско Марковичийг хажуу тийш нь тун эвгүй түлхэж, замаасаа зайлуулсан дүрс бичлэг нь интернэтээр цацагдаад байгаа юм.

Хуваарь ёсоор Трамп урд эгнээнд зогсох ёстой байсан боловч урд нь таарсан хүний хажуугаар эелдгээр зөрөхийн оронд их гүрний удирдагч гэдгээ харуулах гэсэн мэт дээрэнгүй зан байдлаа харуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байна.

Харин түүнд түлхүүлсэн Монтенегрогийн Ерөнхий сайд энэ явдлыг тийм ч хүндээр тусгаж аваагүй, олон нийтийн сүлжээгээр тарсных нь дараа л хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлснийг ойлгосон гэжээ.

НАТО-гийн дурсгалын зурагт 31 хүн оролцсоноос 28 нь улсын төр засгийн тэргүүн байжээ. Харин Монтенегрогийн хувьд НАТО-гийн гишүүн хараахан болоогүй учраас зураг авахуулахад хойд эгнээнд зогсох учиртай байжээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө НАТО-г үеэ өнгөрөөсөн байгууллага гэж шүүмжилж байсан Трамп саяхнаас бодлоо өөрчилж, энэ байгууллагатай хамтран ажиллана гэж мэдэгдсэн. Гэхдээ тэрээр НАТО-гийн чуулганд үг хэлэхдээ АНУ л шударгаар татвар төлж, энэ байгууллагын санхүүжилтийг бүрдүүлж байна. Харин НАТО-гийн 28 гишүүнээс 23 нь зохих хугацаанд санхүүжилт хийхгүй байгаа нь Америкийн татвар төлөгчдийн хувьд шударга бус явдал гэж мэдэгдсэн юм.

Б.Номун

 

 

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.