ЭМЯ: Долдугаар сараас Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлнэ

2021-02-10 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/2021.02.10/ ээлжит мэдээллийн үеэр сэтгүүлчдийн дараах асуултанд албаны хүмүүс хариуллаа.

-ХӨСҮТ-ийн шинжилгээ авдаг төхөөрөмж эвдэрсэн гэдэг үнэн үү?

-ХӨСҮТ-ИЙН АЛБАНЫ ДАРГА Ж.БАЙГАЛМАА:

-Аппарат эвдрээд шинжилгээний хариу удаж гарч байгаа зүйл байхгүй. Бүх зүйл хэвийн явагдаж байгаа.

-Сэлэнгэ аймагт өөр хүний шинжилгээгээр очсон иргэн үнэн үү? Энэ маягаар олон хүн явсан юм биш үү? Өнөөдрийн тохиолдлууд хаанаас халдвар авсан бэ?

-Сэлэнгэ аймаг руу өөр хүний шинжилгээ ашиглаж явсан хүнтэй нэг автобусанд байсан ойрын хавьтлуудыг тусгаарласан. Өнөөдрийн илэрсэн 54 тохиолдол бүгд өмнөх халдвартай иргэдийн ойрын хавьтал.

-ДЭМБ-ын зүгээс Covid-19 халдварын гарал үүслийг тодорхойлсон уу?

-ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Ухань хотод ажиллаж байгаа. Олон удаагийн мэргэжлийн багууд ажиллаж байсан. Энэ удаад дахин ажиллаж байна. Одоогоор ДЭМБ-ын зүгээс энэ талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.

-Ирэх гуравдугаар сард вакцин орж ирнэ гэсэн. Вакцины талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн яам ирэх долдугаар сараас эхлэн дархлаажуулах ажлаа эхлүүлэх гээд төлөвлөгөө баталчихсан байна. Хятад, ОХУ-ын вакцинууд дэлхийн олон орныг хангаж байна. Монгол Улс хандив болон тодорхой төсөв мөнгөөр вакциныг авахаар хөөцөлдөж байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.