“Амгалан” амаржих газарт КОВИД-19-ийн халдвар гарснаас хойш 12 эх төржээ

2021-02-8 Мэдээ мэдээлэл

Нийслэлийн “Амгалан” амаржих газар нь Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн хүн амд эх барих, эмэгтэйчүүд, нярайн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Тус амаржих газарт хоёрдугаар сарын 4-ний өдөр коронавируст халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан үйл ажиллагааг хэсэгчлэн тусгаарлах горимоор зохицуулалт хийн, Баянзүрх дүүргийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг ЭХЭМҮТ, мөн СБД-ийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг Нийслэлийн Өргөө амаржих газарт түр хугацаанд шилжүүлэн төрөх, төрсний дараах тусламж үйлчилгээг үзүүлж байгаа.

Шилжүүлэн ажиллах арга хэмжээ авсан ч амаржих газарт хэвтэн эмчлүүлж байсан төрсөн болон жирэмсэн эх, эмэгтэйчүүд, нярайд эмч, эмнэлгийн ажилтнуудын зүгээс НОК, ЭМЯ, НЭМГ болон ХӨСҮТ-ийн заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 24 цагийн турш тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байгааг БЗД-ийн онцгой комиссоос мэдээллээ.

“Амгалан” амаржих газрын хамт олон хоёрдугаар сарын 4-нд нийт эмч, ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгчдийг PCR шинжилгээнд бүрэн хамруулж, тандалт судалгаа болон зураглал гаргаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр хариу арга хэмжээг шуурхай авч, хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.

Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 164 үйлчлүүлэгчийг гэрт нь гаргажээ.

Өнөөдрийн байдлаар, тус амаржих газрын 56 эмч, эмнэлгийн ажилтнууд 16 үйлчлүүлэгч, 18 нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн сацуу сэтгэл засал, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг түгээн ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн хоёрдугаар сарын 5-7-ны хооронд нийт 9 кесарь мэс заслыг амжилттай хийж, төрөх замаар 3 эхийг амаржуулж, 12 нярайг өлгийдөн авчээ.

 

Эх сурвалж:  БЗД-ийн онцгой комисс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.