31 хоног цэнэгээ барьдаг шинэ Nokia 3310-тай танилц

2017-05-25 Ертөнц

Технологийн ертөнцөд хамгийн алдартай утасны нэг Nokia 3310 шинээр мэндэллээ. Анх 2000 онд худалдаанд гарахдаа 126 сая хувь борлогдож байсан Nokia 3310-г цоо шинэ загвараар үйлдвэрлэн, өнөөдрөөс Их Британид худалдаанд гаргаж эхэллээ. 49 фунт буюу 65 ам.долларын үнэтэй Nokia 3310 загварын хувьд өөрчлөгдсөн ч гар утасны функцийн хувьд хуучнаасаа бараг ялгаагүй аж. 3G юм уу Wi-Fi сүлжээнд холбогдох боломжгүй, орчин үеийн элдэв аппликейшныг татаж чадахгүй ч өнгөт дэлгэцтэй, 2 мегапиксель камертай, санах карттай гэнэ. Хамгийн гол нь орчин үеийн ухаалаг утасны гол асуудал болсон цэнэгээ барих тал дээр Nokia 3310 гайхагдана. Энгийн горимд 31 хоног хүртэл цэнэгээ  барих бол тасралтгүй ярихад 22 цагийн турш цэнэгтэй байх аж. Мөн Nokia хэрэглэгчдийн хамгийн дуртай Snake тоглоом ч эргэн иржээ.

Товчлууртай, энгийн үйлдэл гүйцэтгэдэг энэ гар утас дөрвөн өнгөтэйгөөр худалдаанд гарчээ. Хөх, саарал, улаан, шар гэсэн өнгөнөөс хэрэглэгчид хуучин загварыг нь санагдуулах хөх өнгийн 3310-ыг сонгох нь элбэг байгаа гэнэ.

Ухаалаг утасны хэт их хэрэглээ шүүмжлэл дагуулж, цэнэгээ барих чадвар тааруу, эрүүл мэндэд муу гэсэн шалтгаанаар эргээд хуучин загварын энгийн гар утас сонирхох нь сүүлийн 2 жилийн дотор эрс нэмэгдэж байгаа. Ялангуяа тог цахилгааны хязгаарлагдмал хэрэглээ бүхий Африкийн орнуудад цэнэгээ удаан барьдаг энгийн гар утасны худалдаа хэдэн саяар нэмэгдсэн мэдээ бий.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.