Сонгинохайрхан дүүрэг PCR шинжилгээний лабораторитой болжээ

2021-01-13 Мэдээ мэдээлэл
Сонгинохайрхан дүүрэг PCR шинжилгээний лабораторитой болжээ

Covid-19 цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулагдаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гуравдугаар салбар амбулаторид молекул биологийн лабораторитой болжээ.

Тус лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж,  халдварыг тандах, илрүүлэх боломжтой болсноор шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна. Тус лаборатори нь Covid-19  халдвараас гадна томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай аж.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байгуулагдаж буй тус лабораторийг цаашид алслагдсан дүүрэг болон Налайх, Багануур дүүрэгт байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг PCR шинжилгээ хийх лабораторитой болж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.