“COVID-19”-ийн халдвараар 600 гаруй сэтгүүлч нас баржээ

2021-01-6 Ертөнц

Дэлхий даяар өнгөрсөн онд “COVID-19”-ийн улмаас 602 сэтгүүлч нас барлаа гэж Швейцарын Женев хотод төвтэй “Press Emblem Campaign” төрийн бус байгууллага /PEC/ мягмар гарагт мэдээлжээ.

2020 оны гуравдугаар сарын 1-нээс хойших 10 сарын хугацаанд 602 сэтгүүлч буюу дунджаар сард 60, өдөрт хоёр сэтгүүлч халдварын улмаас нас барсан байна.

“PEC”-ийн мэдэгдэлд сэтгүүлчдийг нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсныг онцлон тэмдэглэжээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг вакцинжуулалтад эн тэргүүнд хамруулж, нас барагсдын ар гэрийнхэнд санхүүгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

“PEC”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Блез Лемпен сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчид зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүд гэрээсээ ажиллах боломжгүй тул халдвар авах эрсдэл өндөр байгааг онцлон хэлсэн байна.

Өнгөрсөн онд халдварын улмаас нас барсан сэтгүүлчдийн тэн хагасаас илүү хувь нь Латин Америкийн орнуудад бүртгэгджээ. Тодруулбал, Перуд 93, Бразилд 55, Эквадорт 42, Энэтхэг 53, Мексик 45, Бангладеш 41, Итали 37, АНУ 31 сэтгүүлч нас баржээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.