“Цөмийн материалыг бүртгэх, хянах журам”-ыг батлав

2020-12-23 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Товч мэдээ

– “Ковид-19” цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын хэсгийн төлөвлөгөөг батлав. Вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа, дайчлагдан ажиллах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөц, дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ.

– “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Таван жилийн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах, залуучуудын асуудал эрхэлсэн болон бусад байгууллагыг холбох, залуу эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийг урамшуулах, дэмжих чиглэлээр ажиллана. Спортын уралдаан, тэмцээн зохиох, ивээн тэтгэх, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, допингийн эсрэг тэмцэх, туршлага солилцохоор тусгажээ.

– “Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгов. Ингэснээр ашигтай ажиллуулах, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, технологи, эдийн засгийн үр ашиг, ажлын менежмент нь сайжрах зэрэг давуу талтай гэж үзлээ.

– “Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө”-г батлав. Төлөвлөгөө нь Нийтлэг үндэслэл, Харилцан ажиллагааны зохицуулалт, Зарлан мэдээлэл, Урьдчилан сэргийлэх, Хариу арга хэмжээ, Нүүлгэн шилжүүлэлт, Хөрөнгө санхүү зэрэг есөн бүлэг, 20 дэд бүлэг, 49 заалтаас бүрджээ. Улсын хэмжээнд 471 аж ахуйн нэгж, байгууллагад 1481 цацрагийн үүсгүүр байна. Өмнө нь үүсгүүр хамгаалалтын гэрээс унах, хамгаалалтын гэр хайлах, цацрагийн бохирдолтой талбай илрэх зэрэг осол гарч байжээ.

– “Цөмийн материалыг бүртгэх, хянах журам”-ыг батлав. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллахыг үүрэг хүлээсэн бүх байгууллагад даалгав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.