С.Ганбаатар: Бид хэлийг нь, хөлийг нь хуульчлах гээд үзээд байдаг, сэтгэлийг нь хаячихдаг

2020-12-18 Парламент

Чуулганы танхимаас


Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч, мөн саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Боловсролын тухай хуульд хүмүүжлийн асуудал туссан. Давхардаж оруулж ирэх ямар шаардлага байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монгол Улсад 18 нас хүрсэн 2.2 сая иргэн байна. Гэмт хэрэг гарч байгаа нь сэтгэл зүйн боловсрол дутсанаас болж байгаа. Энэ асуудал зөвхөн хүүхдэд хамаарах асуудал биш. Хүмүүнлэг боловсролын тухай хууль төрийн албаныханд ч хамаатай. Төрийн албаныхан хүнлэг, ёс зүйг эрхэмлэх учиртай. Ёс уламжлалаа сэргээх үндэсний хөдөлгөөн гэдэгтэй адил томьёологдох ажил юм билээ.

Хувийн болон төрийн байгууллагууд сэтгэл зүйн төлөвшлийн асуудал руу сургалт хийдэг сайн жишигтэй болсон. Хүмүүнлэг боловсролын тухай хууль тунхаг маягтай байж болно.

Сүүлийн 20 жил Соёлын яамыг татан буулгасан. “Алсын хараа 2050” хөтөлбөр дээр соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн бодлого туссан. Сэтгэл зүрхний боловсрол Соёлын яамнаас хэрэгжүүлэх нэг бодлого. Сингапурын хөгжлийн эцэг бодлого тодорхойлох хэцүү байгаагүй, иргэдийн хандлагыг өөрчлөх хэцүү гэж ярьсан байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хүн хүмүүжүүлэх асуудлыг боловсролын салбар орхигдуулсан. Боловсролын тухай хуулийнхаа гол зорилгодоо хүүхдийг хүмүүжүүлнэ гэсэн хэрнээ заахдаа тоо, эсрэгээр нь хэрэгжүүлдэг. Амьдрал дээр гараад хүүхдүүд маань хүн утгаа ойлгох, хэрэгжүүлэх болоход асуудалтай тулдаг.

Хуулийн төслийг хэлэлцье, батлахдаа Боловсролын тухай багц хуультайгаа хамт баталъя. Боловсролын тухай хуулийг энэ хуульд нийцүүлэх хэрэгтэй байна. Багш нарын хүлээх хариуцлага, төрийн хүлээх хариуцлага энэ бүхнийг тодорхой болгож өгье. Бүгдээрээ сурган хүмүүжүүлэгч болно гэж байхгүй, эцэг эх, боловсролын систем энийг хийнэ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Төрийн түшээд өөрсдөөсөө эхлэх ёстой гэж Баярсайхан гишүүний хэлсэнтэй санал нэгдэж байна. УИХ-ын сонгууль болно, мөнгө тараана, сонгогдсон хойноо ард түмэндээ бэлэнчлэх сэтгэлгээ бий болгоно, зөв хүн бай гэж хэлэхийн оронд өөрсдөө бид ийм байгаа. Амаараа зөв хүн, үйлдлээрээ чөтгөр байж болохгүй.

Тийм учраас бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Сонгуулиар ярьсан шигээ шударга ёсыг эрхэмлэх ёстой, Оюутолгой төслөө сайжруулах ёстой. Заавал хууль гаргаад юухэв дээ. Энэ бол амьдралын явцад бий болдог зүйл.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой гэдэг зөв. Зүрх сэтгэлийн боловсролын манлайлал нь 76 байх ёстой. Сэтгэл зүрхний боловсрол бол цогц асуудал. Хууль гаргаад хэрэггүй гэлээ, олон гишүүн хууль байх нь зөв, амьдралд нийцсэн хууль байх ёстой гэж үзэж байна. Бид өөрсдөө ёс суртахуун сайтай ард түмэн. Түвдэд монгол гэдэг хүн хүн сайтай хүн гэж орчуулагддаг байсан гэсэн, гэтэл одоо энэ тодорхойлолтод хүрч чадаж байгаа бил үү. Хүн бүр хэлсэндээ хүрэх ёстой.

УИХ ын гишүүн С.Ганбаатар:

-Дэмжиж байна, бие даасан хууль байх ёстой. Еврей хүн яагаад ийм хүчтэй байна вэ гэхэд Израйлд еврей хүнийг боловсруулдаг хуультай, хөтөлбөртэй юм билээ.

Бид хэлийг нь, хөлийг нь хуульчлах гээд үзээд байдаг, сэтгэлийг нь хаячихдаг. Хөх цэрэг гээд аялал 12 жил зохион байгуулсан, 1272 хүүхэд хамрагдсан. Төрөөс манлайлал хэрэгтэй.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.