БНСУ-д вакцин тариулсны дараа нас барсан хүний тоо нэмэгдсээр байна

2020-10-26 Ертөнц

Өмнөд Солонгост томууны вакцинжуулалтад хамрагдсаны дараа нас барсан хүний тоо 48 болсон талаар Солонгосын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг мэдээлжээ.

Гэхдээ тус агентлагаас нас барсан 26 тохиолдлыг шалгаж дуусахад вакцинаас хамааралтай гэсэн дүн гараагүй гэдгийг онцолсон байна. Тиймээс вакцинжуулалтыг цаашид үргэлжлүүлэх ёстойг холбогдох албаныханд үүрэг өгчээ.

Мөн цагдаа болон Шүүх эмнэлгийн үндэсний алба 20 хүнд задлан шинжилгээ хийхэд 13 хүн зүрх судас болон вакцинаас үүдээгүй бусад төрлийн өвчнөөр нас барсан гэдэг нь тогтоогджээ.

Харин вакцины дараа нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 12-оор нэмэгдэж, 10 дугаар сарын 24-ний байдлаар 48-д хүрсэн байна. Ийнхүү нас баралт нэмэгдэж байгаагийн улмаас зарим эмч, улстөрчид Өмнөд Солонгост вакцинжуулалтыг зогсоохыг уриалж байгаа юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.