Тэр эх оронд дуудагдах хүсэлтэй улс төрд эргэн ирлээ

2020-10-22 Нийтлэл

 

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээлээ. Ц.Элбэгдорж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа АН-ын дүрмийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм. Гэхдээ л тэр ийнхүү өөрийн хүсэлтээр намынхаа гишүүнчлэлээ сэргээж, Сүхбаатар дүүргийн 3-р хороонд бүртгэлээ хийлгэлээ.

Харин түүний эл үйлдлийг улс төрийн хүрээнийхэн 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэл хэмээн харж байна. Тэрбээр өөрөө ч энэхүү асуудлыг үгүйсгэсэнгүй. Гишүүнчлэлээ сэргээснийхээ дараа энэхүү асуултад “Гишүүний хувьд эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний хувиар намын, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явна” хэмээн тодруулав.

Тэгэхээр эрхэм эксийг эх орон ирэх сунгаанаар дуудах болов уу. Тус намынхан дотооддоо шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ёстой л үзэл санааны уналтад нам унасныг эл хүрээнийхэн баруун солгойгүй ярьж байна. Түүнээс гадна экс эрхэм зангиагаа зүүж, гутлаа тослоод АТГ-аар орж, гардаг болоод овоо хэдэн сарын нүүр үзэж байна. Мань хүн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-нд чартер нислэгээр эх орондоо ирж, Toyoko Inn зочид буудалд тусгаарлагдаж байгаад хөл хорионы хугацаагаа дуусган ийнхүү тус газартай “найзлаад” байгаа. Учир нь түүнтэй холбоотой хэргийг АТГ-т шалгаж байгаа бөгөөд төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан юм. Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа гэх мэдээллийг энэ оны хоёрдугаар сард АТГ-аас өгч байв. Ямартай ч энэ мэтчилэн хар буруу үйлдэлд сэрдэгдэж буй тэрбээр эх оронд дуудагдах хүсэлтэй байдгийнхаа баруун хаяанд эргэн ирлээ.

О.ГЭРЭЛ

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.