Украин улс иргэдийнхээ хамгийн түгээмэл хэрэглэдэг цахим хуудас, нийгмийн сүлжээг ОХУ-ын эзэмшлийнх хэмээн хоригложээ. Хоригт Оросын Facebook гэгддэг ВКонтакте (VK.com) сүлжээ, Яндекс хайлтын систем, Одноклассники (OK.ru) зэрэг сайт багтжээ. Украины хүн амын талаас илүү хувь нь эдгээр цахим сүлжээг ашигладаг. Украины хувьд Facebook, Google-ээс ч хүчтэй өрсөлдөгчид. Жишээлбэл VK сүлжээнд 15 сая хэрэглэгч бүртгэлтэй байдаг бол Яндексын хайлтыг сар тутам 11 сая хүн ашигладаг аж. Үүнээс гадна нэг ангийхан хэмээх сүлжээ, Mail.ru сүлжээг хориглосноор иргэдийн нэвтрэх эрх шууд үгүй болжээ.
Украины Ерөнхийлөгч П.Порошенкогийн шийдвэрээр эдгээр сүлжээ, сайтын толгой компаниудад нь тус улс хориг тавьсан аж. Түүнчлэн анти вирусийн програм нь дэлхий даяар тарсан “Kaspersky Lab”-ын бүтээгдэхүүнийг ч украинчууд хэрэглэж чадахгүйд хүрчээ. Украины хориг зөвхөн интернэт ертөнцөөр хязгаарлагдаагүй бөгөөд Rossiya Segodnya, RBC, VGTRK, TNT гээд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч хориг тавьж, нэвтрүүлгийг нь дамжуулахаас татгалзжээ. Үүгээр Киевийн хар жагсаалтад багтсан Оросын хувь хүн 1228, компанийн тоо 468-д хүрээд байна. Үүнээс өмнө тус улс Оросын томоохон таван банк, Aeroflot, Russian Helicopters зэрэг авиа компаниудын үйл ажиллагаанд мөн хориг тавьсан юм.
Б.Номун
87350
30345
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.