Энергийн ундаа уугаад амиа алдсан хүүгийн аав мэдэгдэл хийжээ

2017-12-26 Ертөнц

АНУ-ын Өмнөд Каролина мужид ахлах сургуулийн 16 настай сурагч хүү хэт их каффейн хэрэглэсний улмаас хичээл дээрээ зүрх нь зогсч нас баржээ.  Хүү тэр хоёр цагийн дотор гурван ч удаа каффейн агуулсан ундаа уусан байна. Эхний удаа тэр латте кофе уусны дараа “Diet Mountain Dew” хэмээх каффейн агуулсан ундаа уунжээ. Үүнээс хойш удалгүй энергийн ундаа уусан нь хүүгийн зүрхний хэмнэлийг алдагдуулж, зүрх нь биедээ цус шахаж чадахаа больсон байна. Улмаар хүүгийн тархи, зүрх, бусад бүх эрхтэн цусаар дутагдаж, хоромхон хугацаанд үхэлд хүргэжээ.

Энэ харамсалтай явдлын дараа хүүгийн аав эцэг эхчүүдэд анхааруулан хувийн зүгээс мэдэгдэл хийхдээ “Бүх л эцэг эхчүүдийн адил бид өсч томорч буй хүүхдийнхээ төлөө санаа зовнидог. Бид тэднийхээ аюулгүй байдал, эрүүл мэндэд ялангуяа машин барьж эхэлснээс хойш осол гэмтэлд өртөх вий гэж байнга санаа зовдог. Гэвч хүүгийн минь амь насыг машины осол авч одсонгүй. Харин энергийн ундаа л аминд нь хүрлээ” гэжээ. Тэрээр эцэг эхчүүдийг хүүхдүүдтэйгээ энергийн ундааны болзошгүй аюул, хор уршгийн талаар ярилцахыг уриалсан байна. Хууль ёсоор дэлгүүрт, кафед худалдаалдаг, бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн ийн хүний аминд амархан хүрч байгааг харсан учраас каффейн болоод энергийн ундаанд болгоомжтой хандаж, зүй зохистой хэрэглэхийг анхааруулжээ.

Б.Номун

 

 

 

 

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.